Москвагийн Домодедово нисэх буудалд болсон алан хядах ажиллагаанаас болж ОУ-ын нисэх буудлуудад аюулгүй байдлын арга хэмжээ авч байна. Бүх тээшийг нисэх буудлын байшингийн үүдэн дээр нэг бүрчлэн шалгаж байна гэж ДХЯ мэдээллээ. Нисэх буудлуудад цагдаагийн нэмэлт хүч харуул хийж байна. Нисэх буудлаас 50 метрээс дотогш машин тавихыг хориглосон байна. Москва болон оросын бусад хотуудын төмөр замын болон авто машины буудал, метро, олон нийтийн газруудад харуул хамгаалалтыг чангатгаад байна. Цаашид авах аюулгүй байдлын арга хэмжээг засгийн газрын болон парламентын тээврийн хорооны шуурхай хуралдаан дээр хэлэлцэх болно. Москва орчмын засаг захиргаа мужын сургуулиудын аюулгүй байдлыг хангах шийдвэр гаргасан байна. Москвагийн Домодедово нисэх буудалд өчигдөр болсон алан хядах ажиллагаанаас болж 35 хүн амь насаа алдаж, 100 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлсэн байна.