«Домодедово» нисэх онгоцны буудалд болсон террорын ажиллагаанд нэрвэгдсэн 100 гаруй хүнийг Москва болон Москва орчмын эмнэлгүүдэд хэвтүүлжээ. Бараг 40 хүний биеийн байдал муу байна. Эмч нар тэдний амь насыг аврахын төлөө тэмцэж байгаа боловч  цаашдын төлөвийн нь урьдчилан хэлж чадахгүй байна. Хэд хэдэн хүн эмнэлэгт хүрэх замдаа нас барсан байна. Өнөө  өглөөний мэдээгээр дэлбэлэлт 35 хүний амь насыг бүрэлгэжээ. «Домодедово» нисэх онгоцны буудлын эмч нар хэдхэн минутын дараа террор үйлдсэн газарт очжээ. Удалгүй «Түргэн тусламжийн» 40 гаруй бригад, түүний дотор сэхээн амьдралуулах тоноглолтой машинууд  иржээ. Хүмүүс их тэвдэж сандраагүй гэж нүдээрээ үзсэн хүмүүс гэрчлэн мэдээлэв. Эмч нар нэрвэгдэгсдэд эмнэлгийн анхны тусламж үзүүлээд эмнэлэг рүү явуулав. Нисэх онгоцны буудлын гадаад хэл мэддэг мэргэжилтнүүд Онцгой байдлын яамны аврагчид, эмч нар, сэтгэл судлаачид орос хэл мэдэхгүй гадаадын иргэдэд туслав. Шархдаж бэртсэн хүн бүрт анхаарал тавьсан  гэж Москвагийн «Домодедово» нисэх онгоцны буудлын хэвлэлийн албаны дарга Елена Галанова хэлэв. «Орчуулагч гадаадынханд туслаж байна. Нисэх онгоцны буудлын олонхи ажилтан англи хэлтэй учир  гадаад иргэдийн хүсэлтийг  ойлгосон. Шархдаж бэртсэн хүмүүсийг эмнэлэгт хүргэж хэвтүүлсний дараа бид шуурхай холбооны утсаар харилцаж, түүний дотор  англи хэлтэй ажилтнууд гадаад иргэдийн төрөл төрөгсөдийн асуултуудад хариулж байгаа. Бид  амь үрэгдсэн гадаад иргэдийн төрөл төрөгсөдийг Москвад ирсний дараа нисэх онгоцны буудлын  ойр зочид буудалд үнэ төлбөргүй байрлуулж, нисэх онгоцны буудлаас москвагийн эмнэлгүүд рүү үнэ төлбөргүй тээвэрлэж байна. Тэд анд нөхөд, дотно хүмүүстэйгээ уулзахыг хүсвэл нисэх онгоцны буудлын алба туслана» гэж Елена Галанова гэв. Түүнээс гадна Москвагийн засгийн газар террорын ажиллагаанд амь үрэгдэгсдийн төрөл төрөгсөд болон нэрвэгдэгсдийг нийслэлийн «Орехово» зочид буудалд үнэ төлбөргүй байрлуулж, хоол хүнс, тээврийн хөсөгөөр үнэ төлбөргүй үйлчлэх захирамж өгөв. Сэтгэл судлаачид болон мөрдөн байцаагчид ажиллана. Түүнчлэн гадаадынханд консулын дэмжлэг үзүүлнэ. Террорын ажиллагаанд хичнээн гадаад иргэн амь үрэгдсэн нь  одоогоор тодорхой бүс байна. Зарим иргэний хэн болохыг  тогтоогоогүй байна. Их Британийн хоёр иргэн амь үрэгдсэн тухай урьд мэдээлсэн боловч,  Москвад суугаа тус орны элчин сайдын яамнаас нэгэн англи хүн амь үрэгдсэн тухай «Оросын дуу хоолой»  радиод мэдээлэв. Германы элчин сайдын яам нэгэн герман хүн нас барж, бас нэгий нь эмнэлэгт хэвтүүлснийг батлав. Түүнээс гадна Болгар, Киргиз, Тажик, Узбек, Украины иргэд амь үрэгдсэн тухай ОХУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яам мэдээлэв. Итали, Франц, Германи, Их Британи, Словак,Серби, Узбек, Тажик, Молдав улсуудын иргэд шархджээ. Хэлмэгдэж нэрвэгдсэн хүмүүсийн төрөл төрөгсөд  Онцгой байдлын яам, Эрүүл мэнд, нийгмийн хөгжлийн яамнаас «Домодедово» нисэх онгоцны буудалд зохион байгуулсан шуурхай холбоо барих утсаар мэдээлэл авна. Утасны дугаар болон сүүлийн үеийн бух мэдээлэлийг «Оросын дуу хоолой» радиогийн сайтаас мэдэж болно.