ОУ, Афганистан улс дахь өөрийн оролцоогоо нэмэгдүүлнэ. Гучин жилийн дотор анх удаа Москвад хийж байгаа афганы төрийн тэргүүний албан ёсны айлчлалын дүнг гаргахдаа, Д.Медведев, Хамид Карзай нар хоёр талын худалдаа эдийн засгийн хэлхээ холбоог хөгжүүлэхийг сонирхож байгаагаа нуусангүй. Талууд, хамтын ажиллагааны тухай засгийн газар хоорондын зохих хэлэлцээрт гарын үсэг зурж, тодорхой хэд хэдэн төслийг авч хэлэлцсэн байна. Москва, Кабулын хамтын ажиллагааны түүхэнд зөвхөн зөвлөлтийн цэргийн ажиллагаа байгаад зогсоогүй эрчим хүчний, дэд бүтцийн, нийгмийн барилга байгууламжуудыг барих болон афганы мэргэжилтнүүдийг сургах зэрэгт туслаж байсан билээ. Яг ийм л хамтын ажиллагааг бүрэн хэмжээгээр сэргээхээр шийдсэн гэж Д.Медведев мэдэгдээд: “Афганистаны хүрхэд бэрх уулархаг нутагт байгуулах бага эрчим хүчний объектуудын ажил болон Ноглу дахь УЦС-ийг шинэчлэх ажилд оросын компаниуд оролцож байна. Бусад мужуудад шинэ УЦС-ууд барих ажилд ОУ оролцох боломжийг бид авч үзэж байна. Афганистан улсад чухал ач холбогдолтой Салангын давааны хонгил, азотын бордооны үйлдвэр зэрэг хэд хэдэн объектыг хамтран сэлбэн засварлах ажлын талаар хэлэлцээр хийж байна. Афганистан улсын бүх салбарт ОУ өөрийн оролцоогоо нэмэгдүүлэхийг хүсэж байна” гэж ерөнхийлөгч хэллээ. Ойрын үед төмөр замын тээвэр, юуны түрүүнд эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх чухал төслүүдийн талаар хэлэлцэн тохирно. Таджикистанаас Афганистан, Пакистан улсууд руу татах цахилгаан эрчим хүчний шугамын системийг бий болгох болон Туркмен, Афганистан, Пакистан, Энэтхэг улсуудыг холбосон хийн хоолой барих зэрэг төслүүдэд ОУ оролцох асуудлыг ярьж байна. Хэрвээ ОУ-ыг төслийг хэрэгжүүлэгчээр сонгож авах юм бол Афганистан руу барих цахилгаан дамжуулах шугамын төсөлд “ИНТЕР РАО ЕЭС” компани 500 сая долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэж ОХУ-ын ерөнхий сайд Владимир Путин тэмдэглэлээ. Энэ асуудлаар ямарч саад тотгор гарахгүй гэж Хамид Карзай үзэж байна. Афганистан улсыг тогтвортой, тусгаар улс болоход ОУ-ын урьд нь гаргаж байсан хүчин чармайлт туршлагыг харгалзан үзвэл ОУ, бусад улсуудаас хамаагүй давуу талтай гэсэн ойлголтыг афганы тэргүүн өглөө: “Бидний харилцаа итгэлтэй бэхжиж байгааг бид харж байна. Бүс нутагт болон Афганистанд болж байгаа үйл явдлын талаархи дэлхийн бусад улсуудын болгоомжлолыг ОУ хуваалцаж байгаа юм. Афганистан улсыг, найдлага тавьж болохоор хүчтэй дэглэмтэй, найдвартай  улс болгох прогресст хүрч, Афганистанд тогтвортой байдал зайлшгүй шаардлагатай гэдгийг ОУ хүлээн зөвшөөрч байгаа юм” гэлээ. Мансууруулах бодисны аюултай хийж байгаа хамтын тэмцлийн үргэлжлэлээс энэ зорилго ихээхэн шалтгаалах болно. 2010 онд хийсэн тусгай ажиллагааны явцад Афганистаны нутаг дэвсгэр дээр мансууруулах бодисны 4 лабораторыг устгаж нэг тонн орчим цэвэршүүлсэн героиныг хурааж авсан юм. Москвад болсон уулзалтын үеэр талууд энэ чиглэл дэх хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохиролцсон гэж Мансууруулах бодисны эргэлтэд хяналт тавих холбооны албаны дарга Виктор Иванов мэдэгдлээ:” Аль нэг талын хүсэлтээр нөгөө улсынхаа нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулахын тулд мансууруулах бодис үйлдвэрлэгчдийн талаархи тагнуулын мэдээ солилцох чиглэлд хамтран ажиллахаар тохиролцсон. Намуу цэцгийн тариалангийн талбайг устгах тэмцэлд үр ашгийг дээшлүүлэх зүйл анги орсон мансууруулах бодисны үйлдвэрлэлийг устгах “Радуга-2” төлөвлөгөөг афганы түншүүд нарийвчлан хэлэлцэхээр болсон” гэж тэр ярилаа. Намуу цэцэг тариалаж байгаа газрын эздийн нэрсийн жагсаалтыг гаргаж өгөхийг Москва, Кабулаас хүслээ. Ийм байдлаар түүнийг устгахад хялбар бөгөөд мансууруулах бодисыг үйлдвэрлэж байгаа болон борлуулж байгаа гэмт хэргийн сүлжээг мөрдөхөд дөхөмтэй юм. Мансууруулах бодисын тариалалт, тараалт хоёрыг ялгаж салгах шаардлагатай гэж Хамид Карзай үзэж байна. Олон тариачид аргагүй байдалд орж гэр бүлээ тэжээхийн тулд намуу цэцэг тариалаж байгаа юм. Энэ нөхцөл байдлыг засаж, эдийн засгийг сэргээхийн тулд Афганистанд олон улсын хамтын нийгэмлэгийн тусламж хэрэгтэй байна. Химийн аж үйлдвэр, хөдөө аж ахуй, барилгын салбаруудыг хөгжүүлэхэд Москвагийн тусламжид Кабул найдаж байна. Тэгэхдээ бүгдий нь оросуудад өгчихгүй. Кабулд зөвхөн оросын мэргэжилтнүүдийг уриагүй байна. Харин эндэхийн хөгжмийн их сургууль хөгжимчин багш нарт урилга илгээж байна. Хэрвээ тэд бидний урилгыг хүлээж авбал маш сайн байна гэж Кабулын хөгжмийн их сургуулийн үндэслэн байгуулагч, захирал Ахмад Сарвас дуу алдлаа: “Би өөрөө ОУ-д сурсан бөгөөд оросын төгөлдөр хуурын болон хийлийн школ ямар мундаг гэдгийг мэдэж байна. Хэрвээ багш нар ирэх юм бол энэ нь Афганистаны хөгжмийн боловсролын хөгжилд  оруулах асар их хувь нэмэр болно” гэж тэр ярилаа. Афганистан улсын төрийн тэргүүн Хамид Карзай албан ёсны айлчлалаа дуусгахын өмнө Д.Медведевийг хариу айлчлахыг урилаа. Урилгыг хүлээн авсан болно