Солонгосын хойг дээрх хурцадмал байдлыг намжаах ямар нэгэн ажиллагаа аль нэг талаас хийнгүүд л нөгөө талаас эсрэг ажиллагаа явуулж байна. Саяхан БНАСАУ хоёр талын хэлэлцээг сэргээе гэж Өмнөд Солонгосыг уриаллаа. Өмнөд - Умардын эдийн засгийн хамтын ажиллагааны талаар, Улаан загалмайн шугамаар, Солонгосын хоёр улсын төр засгийн хоорондох хэлэцээрийг сэргээе гэсэн саналтай 3 илгээлтийг Пхеньян Сөүлд явуулсан байна. Умард болон Өмнөдийн засгийн газрын төлөөлөгчдийн бэлтгэх хэлэлцээрийг 1-р сарын 27-нд Кэсон хотод хийе гэсэн тодорхой саналыг БНАСАУ дэвшүүллээ. Асуудлыг сөргөлдөөний замаар шийдвэрлэж болохгүй гэдгийг хоёр Солонгос улсуудын гурван жилийн сөргөлдөөн харууллаа гэж БНАСАУ-ын төр засгийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.Харамсалтай нь Сөүл энэ саналд эсрэг хандсан бөгөөд хэд хэдэн урьдчилсан нөхцлийг тулгасан юм. Өмнөд Солонгос улс АНУ-тай хийж байгаа хэлэлцээр дээр Хойд Солонгос улсын аль ч цэгт цохилт өгч чадах мянган километрийн тусгалтай пуужин харвах төхөөрөг хийх эрх олгохыг шаардаж байгаа нь тодорхой боллоо. Одоо үйлчилж байгаа хэлэлцээрийн дагуу Сөүл 300 километрээс хол тусгалтай пуужин хөөргөх төхөөрөмжтэй байж болохгүй. Аюулгүй байдлын үүднээс авч үзэх юм бол энэ хангалттай, учир нь Өмнөдийн нутаг дэвсгэр дээр зохих пуужингийн зэвсэгтэй 30 мянган хүнтэй америкийн цэргийн бааз байрлаж байгаа билээ. Америк - өмнөд солонгосын одоо хийж байгаа хэлэлцээрийн үеэр Сөүлийн бүтээсэн пуужин хөөргөх төхөөрөмжийн тусгалын босгыг уртасгах асуудлаар харилцан ойлголцолд хүрсэн гэж мэдээлж байна.Солонгосын хойг дээр байдал эрс хурцадсан үед энэ хэлэлцээр эхэлсэн билээ. Шар тэнгис дэх Ёнпхёндо арлын ойролцоо 11-р сарын 23-нд их бууны буудалцаан болсны дараа байдал улам хурцадсан юм. Пхеньян эрс эсэргүүцэж байгаа боловч Сөүл, Умардыг буруутгаж байгаа юм. Яг тэр үед 12-р сарын эхэнд болон эцсээр өмнөд солонгосын цэргийнхэн тэнгисийн цэргийн хээрийн сургуулийн буудлагыг хоёр удаа яах гэж хийсэн бэ? Сүүлд 12-р сарын 20-нд хийсэн өмнөд солонгосын хээрийн сургуулийг БНАСАУ ээлжит өдөөн хатгалага гэж үзсэн боловч үл тоосон юм. Харин урьд нь Өмнөдийн хээрийн сургуульд цөмийн зэвсэг хэрэглэн хатуу шүрүүн цохилт өгнө гэж мэдэгдэж байсан билээ. Халдан довтлох гэж байна гэж хоёр тал бие биенээ буруутгаж байгаа юм гэж ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Ким Янг Вунг тэмдэглэв. Тэр хэлэхдээ: «Аль аль нь зөв байх. Хэрвээ хөрш улс нь өөрийнх нь хилээс холгүй жилд 47 удаа цэргийн хээрийн сургууль хийвэл, америкчууд болон өмнөдийнхэн дайрах гэж байна гэж умардынхан үзэх нь зөв. Ер нь хээрийн сургуулийг дайралтын сургуулилт гэж үздэг биз дээ. Нөгөө талаас Хойд Солонгос цөмийн зэвсэг туршиж, пуужин хөөргөөд байхаар Өмнөд Солонгос, умардынхан ямар нэгэн юм хийх гээд байна гэж сэжиглэх нь зөв юм. Хоёр тал аль аль нь өөрийгөө хамгаалах хүчин чадалтай гэж үзүүлэхийг хичээж байна» гэлээ.БНАСАУ-ын талаас өгөх байгаа эрс шулуун мэдэгдлүүд, өмнөд солонгосын зарим нэг улстөрчдийн Умардад эхлээд цохилт өгөх боломжтой гэж мэдэгдэж байгаа зэрэг нь хоосон  яриа гэж итгэхээс өөр арга алга. Өнгөрсөн жил их буугаар харилцан буудалцсны дараа анх удаа хэдхэн өдрийн өмнө Умард, Өмнөдийнхэн тусгай шугамаар холбоо барилаа. Энэ тусгай шугам одоо ч  нээлттэй гэж Пхеньянд ч Сөүлд ч мэдэгдэж байна.