Оросын мөс зүсэгч хөлөг онгоцууд өнөөдөр “Итгэлийн эрэг” тээврийн хөлгийг мөсөн дундаас гаргана. Аврах ажиллагааг өнөө өглөө эхэлсэн бөгөөд хойд зүгт 2 миль яваад байна гэж ИТАР-ТАСС агентлаг мэдээллээ. Аюулгүй ус хүртэл хөлөг онгоцуудад 30 миль үлдээд байна.  “Итгэлийн эрэг” тээврийн хөлгийг аюултай мөснөөс гаргасны дараа мөс зүсэгч онгоцууд овоорсон мөсөн дунд орхисон “Содружество” хөвөгч баазыг аврахаар явна. Оросын Алс Дорнодын Агнуурын тэнгист аврах ажил хэзээ дуусахыг хэн ч мэдэхгүй байна. Маш хүйтэн, секундэд 10 метрийн хурдтай салхитай “зузаан” мөсөн дунд энэ цуваа өнөөдөр урагшилсаар л байна. 12-р сарын 31-нд Агнуурын тэнгист мөсөнд боогдсон “Содружество” хөвөгч бааз, “Итгэлийн эрэг” тээврийн хөлөг, “Профессор Кизеветтер” эрдэм шинжилгээний хөлөг, “Мыс Елизаветы” жижиг онгоцууд аюулын дохио өгсөн юм. Хоёр хөлөг онгоцыг аюулгүй усанд гаргаад байна.