Гуантанамо дахь америкийн шоронгийн хоригдлуудыг АНУ-д шилжүүлэхийг хориглосон хуулийн төсөлд ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурлаа. Цагаан ордны баасан гаригт тараасан мэдэгдлээс иш татан ИТАР-ТАСС энэ тухай мэдээллээ. Энэ хуулийн төсөлд гарын үсэг зурсан явдал, Гуантанамогийн шоронг хаалгах нь миний тэргүүн зэргийн зорилт гэж Обамагийн нэг бус удаа зарлаж байсан ажилд хүндрэл учруулах шиг боллоо. 2009 оны 1-р сарын 22-нд энэ албан тушаалыг хашсаныхаа дараа Гуантанамогийн шоронг нэг жилийн дотор хаалгах  зарлигт гарын үсэг зурсан боловч америкын засаг захиргаа энэ зарлигыг одоо болтол биелүүлж чадаагүй байгаа юм. Америкын цэргийн бааз байдаг Гуантанамогийн шоронд 2002 оноос эхлэн Афганистан, Ирак улсуудын “Аль-Каида”, “Талибан” хөдөлгөөний баривчлагдсан алан хядагчид болон алан хядах ажиллагаанд сэжиглэгдсэн этгээдүүдийг хорьж байгаа юм. Энэ шоронд 775 гадаадынхан хоригдсон байна.