Сайн пийшинчин тосгоны болон хотын захын байшингийн хүслэнт зочин болжээ. ОУ-д, хотын захын коттедж байшингууд эрс ихэссэнээс болж пийшинчингүүд хамгийн эрэлт хэрэгцээтэй мастерууд болжээ. Хот газар энэ мэргэжил бүрмөсөн мартагдсан бөгөөд тосгодод ч хуруу дарахаар болсон байсан юм чинь. Өнөөдөр хөдөлмөрийн зах зээл дээр ийм мастеруудын хэрэгцээ асар их байна. Пийшингийн урлаг бол маш өвөрмөц бөгөөд дүрслэх урлаг, гар урлал, барилга гурвын нийлмэл юм. Орчин үеийн пийшинчинд зуурмаг бэлдэх, туйпуу өрөх нь хангалттай биш. Сайн пийшинчин аэро динамикын болон термо динамикын хуулийн тухай ойлголттой байх ёстой. Туйпуугаар барьсан пийшин болгон өөрийн гэсэн онцлогтой байдаг. Нэг зураг төслөөр нэг мастер барьсан хоёр пийшин ч хоорондоо адилгүй байдаг юм. Пийшингийн мастерууд ганц нэгээрээ устаж үгүй болохгүй, мэргэжлийнхээ нууцаас сонирхосон бүхэнтэй хуваалцаж байхын тулд эвлэлдэн нэгдэж өөрийн холбоог байгуулахаар шийдсэн гэж гавьяат мастер, пийшинчин Сергей Несов ярьж байна: Москвагийн гар урчуудын танхимын дэргэд пийшинчдийн холбоо байгуулагдаад 10 жил болж байна. Манай холбоонд саяхан нэгдээд байгаа яндан цэвэрлэгчид болон эрдэм шинжилгээний ажилтангууд, төсөл зураг зохиогчид, дадлагажиж байгаа пийшинчингүүдийг нэгтгэдэг юм. ОУ-д пийшин барих урлаг одоо болтол оршин тогтнож байгаа гэдгийг харуулахын тулд энэ холбоог байгуулсан юм гэлээ. Сергей Несов хэдэн жил дараалан пийшинчид болон яндан цэвэрлэгчдийн холбоог тэргүүлж байгаа хүн. Энэ холбоо 40 хүнтэй. Москвагийн гар урлалын танхимын дэргэдэх пийшинчид болон яндан цэвэрлэгчдийн холбоо пийшинчдийг зөвхөн нэгтгээд, тэдний эрх ашгийг хамгаалаад зогсохгүй, оросын пийшингийн урлагын уламжлалыг улам баяжуулж, хадаглаж байна. ОУ, жирийн ард түмний зохион бүтээсэн гайхашигтай бүтээл, орос пийшингийн эх орон нь юм. Энгийн хийцтэй, ахуйн бүх хэрэгцээг хангадаг орос пийшин хэдэн зууны турш тариачны навсгар байшин, газрын эзний гоё байшин болон хааны ордонг хүртэл халааж ирсэн билээ. Сүүлийн жилүүдэд олон янзын пийшингүүдийг сонирходог болоод байна. Зөвхөн орос пийшин ч биш, усанд ордог газрын пийшин, камин зуух, янз бүрийн хоол хийхэд зориулсан мангал, барбекю, грили зэргийг ихэд сонирходог боллоо. Энд Барууны нөлөө бас л орлоо. Пийшинчдийн ажилд маш өндөр шаардлага тавьдаг болоод байна. Бүх төрлийн пийшин, камин зуух, утаа зайлуулагч зэргийг хийхийн тулд маш нарийн тооцоо, сайн төсөл, өндөр чанартай материал, сайн гүйцэтгэл, галын аюулгүй байдлын дүрмийг нарийн мөрдөх зэрэг асуудлууд чухал билээ. Хэрвээ дээр үед энэ урлагыг эзэмшихийн тулд тосгодын мастеруудад хандах хэрэгтэй байсан бол одоо пийшингийн суурь мэдлэгийг мэргэжлийн тусгай курст суугаад сурч болно. Дипломтой мэргэжилтэн ч гэсэн хэдэн арван пийшин барьж байж л сая мастер болдог юм. Жинхэнэ мэргэжлийн хүн, пийшинг мастер барьсан байна уу, сурч эхлэж байгаа нөхөр барьж уу гэдгийг хараад л мэднэ. Аттестатчилагдсан пийшинчин болохын тулд холбоонд өөрийнхөө ажлыг үзүүлэх ёстой. Пийшинчид ба яндан цэвэрлэгчдийн холбоо, шинжээчдийн комисс гаргаж тэд өөрсдийн дүгнэлтээ гаргадаг. Харин аттестатыг Москвагийн гар урчуудын танхим гардуулдаг юм. Пийшинчийн эртний мэргэжил аль хэдийнээ устаж үгүй болсон байж мэдмээр, гэтэл харин ч урьдын адил эрэлт хэрэгцээ ихтэй байна. Хүн төрлөхтөн дэвшин дэвжиж байгаа ч гэсэн, гэрт тааламжтай уур амьсгал бий болгодог пийшинтэй зэрэгцэх тийм чанартай, халаалтын системийг одоо болтол бодож олж чадаагүй  л байна. Жинхэнэ мастерын гараар бүтсэн пийшинд, өрж тавьсан хуурай түлээ хэрхэн шатаж байгааг харж сууна гэдэг үнэхээр сэтгэл татам зураглал билээ.