СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээ, НАТО-той харилцаагаа ойртуулсан явдлыг улирч буй оны оросын гадаад бодлогын амжилт гэж зүй ёсоор үзэж байна. ТУХН-ийн орон зай болон БРИК-ийн түншлэлтэй Москва байр сууриа бэхжүүлсэн явдал бас чухал юм. Оросын дипломатчид өөртөө итгэлтэй байсан бөгөөд бүх чиглэлд адилхан идэвхитэй ажиллаж байна гэж шинжээчид 2010 оны дүнг гаргахдаа тэмдэглэж байна. Москвагийн дипломат бодлого баруун “фронтод” ихээхэн амжилт гаргасан гэж Улс төрийн технологийн төвийн дэд ерөнхийлөгч Алексей Макаркин манай радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: Хамгийн гол нь СДЗ-ийг хорогдуулах тухай гэрээ юм. Америкийн сенат энэ гэрээг батласан. ОУ-д түүний эхний уншилтыг баталсан, дараа жил энэ гэрээг заавал батлана гэдгийг бүгдээрээ ойлгож байгаа. СДЗ-ийн гэрээ, цэрэг стратегийн болон улс төрийн хүрээнд амин чухал юм. Америкийн Сенатын БН намынхан хүчтэй эсэргүүцэж байсан ч энэ гэрээнд богино хугацаанд гарын үсэг зурж, батлаж чадсан гэдэг нь дахин ачаалалын бодит үр дүн юм гэж тэр ярилаа. Москва, Вашингтоны хооронд эхэлсэн “дахин ачаалал”, холбоотнуудыг удаан боловч итгэлтэйгээр татаж байна. Лиссабонд 11-р сард болсон дээд хэмжээний уулзалтын үеэрээ НАТО, ОУ-тай хамтын ажиллагаанд хандах хандлагыг өөрчлөхөө мэдэгдсэн. Гүрж улс Өмнөд Осет улсад халдан довтолсноос болж Москва, Брюсселийн яриа хэлэлцээнд эхэлсэн “мөстөлтийн үе” дуусч байх шиг байна.Бүх зүйл санасан зоргоор шулуун явахгүй байна, учир нь хүйтэн дайны үеийн үзэл бодол мэдрэгдсээр л байна. Үүний жишээ нь европын ПДХ системийн тухай асуудал байна, энэ талаар Москва барууныхантай хэл амаа ололцож чадаагүй л байна гэж улстөрч үзэж байна: Секторын бүсдээ хариуцлага хүлээдэг ПДХ нэгдмэл систем байгуулахыг ОУ санал болгож байна. Барууныхан одоохондоо, оросын болон барууны ПДХ хоёр систем байгуулах хамтын ажиллагааг зөвшөөрч байгаа юм. Энд зарчмын хувьд тохиролцох боломж байгаа юм. Бид бие биендээ хэр итгэж байгаа болон орос, барууны харилцааны ерөнхий хэлбэрээс энэ яриа хэлэлцээний үр дүн шалтгаалах болно гэж тэр хэллээ. Олон туйлт дэлхийн “татах хүчний төв” гэж хэлж болох шинэ чиглэлүүдэд оросын дипломтч бодлого бас идэвхитэй ажиллаж байна. Өнгөрч байгаа жил БРИК нь хийсвэр зүйл биш бодит зүйл гэдгийг харуулж чадлаа гэж Алексей Макаркин үзэж байна: Энэ жил хэд хэдэн орны нэгдэл БРИК нь хэлбэржээгүй нэгдэл, хэн нэгний бодож олсон хоосон зүйл биш бодитой хүч гэдгээ харуулж чадлаа. Олон улсын тавцан дээр “хорийн” үүрэг маш их өссөн нь сонирхол татаж байна. Олон улсын санхүү эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг аж үйлдвэр өндөр хөгжсөн найман орон гэгчийн монопольчлолоор урьд нь тодорхойлдог байлаа. Одоо БРИК-ийн орнууд орсон “хорийн” үүрэг эрс өсөөд байна. Эхлээд G-20-ийг хямралын эсрэг хэрэгсэл гэж байгуулж байсан бол одоо гол гол асуудлуудыг шийддэг ёс журмын хэрэгсэл болоод байна гэж тэр хэллээ. Монгол улсын ерөнхий сайд ноён С. Батболдын ОУ-д хийсэн албан ёсны айлчлал, улирч буй жилийн орос, монголын харилцааны гол үйл явдал боллоо. ОУ, МУ-ын ерөнхий сайд нар хэлэлцээрийнхээ дүнгээр хамтын ажиллагааны маш чухал 9 баримт бичигт гарын үсэг зурсан билээ. В. Путин, С. Батболд нар хамтарсан тунхаглалдаа, олон улсын болон бүс нутгийн асуудлаар хоёр талын байр суурь ижил төсөөтэй буюу тохирч байгааг онцлон тэмдэглэлээ. Зөвлөлтөөс хойш орон зайд өнгөрсөн жил, Москва, Минскийн харилцаа бүрхэг байлаа. Харин энэ байдал Орос, Белорусс, Казахстан гурван улс гаалийн холбоо байгуулахад саад болсонгүй. ТУХН-ийн зарим улсуудын зарим түншүүд энэ холбоонд нэгдэх талаар ярьж байна. Тэднийг одоо бодож байх хооронд Москва, Минск, Астана, Эдийн засгийн нэгдсэн орон зай байгуулах дараагийн алххмаа хийгээд байна. Мэдээж хэрэг гадаад бодлогын хүрээнд шийдээгүй асуудлууд үлдсэн. Дээр дурдсан ПДХ системийн тухай, Өмнөд Осет, Абхаз улсуудыг олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрүүлэх, Украин улс Гаалийн холбоонд элсэхээс татгалзаж байгаа гэх мэт олон асуудлууд байна. Ер нь 2010 онд бүх асуудлуудыг шийдчихнэ гэж хэнч амлаагүй биз дээ! 2011 онд хийх ажил бас үлдээх хэрэгтэй шүү дээ!