Өндөр технолог, эрчим хүч, сансарыг эзэмших. Д. Медведевийн үзэж байгаагаар хамтын ажиллагааны энэ хүрээнд Москва, Нью-Дели онцгой анхаарал хандуулна. ОУ-ын ерөнхийлөгч Энэтхэг улсад хийх албан ёсны айлчлалынхаа өмнө The Times of India сонинд ярилцлага өглөө. Тогтвортой уур амьсгалд эдийн засаг, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагаа үр ашигтай хөгжиж байна. Тийм учраас Орос, Энэтхэг улсууд эхний ээлжинд ЕвроАзийн тивийн зүүн өмнөд хэсгийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулаж байна. Энэ бүс нутгийн тогтворгүй байдлын голомт бол Афганистан улс юм. Үндсэн гол аюул занал бол алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны наймаа юм. Энэ аюул заналыг сөрөн зогсох  хэрэгсэл Москва, Делид байгаа гэж Д.Медведев сэтгүүлчидэд санууллаа. Олон улсын алан хядах ажиллагааны эсрэг тэмцэх орос, энэтхэгийн ажлын хэсгийн хуралдааны хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнд Афганистаны асуудал тэргүүн байр эзлэнэ. Афганистаны алан хядах ажиллагаа, мансууруулах бодисны наймаа, бохир мөнгө угаах зэрэг асуудлын талаар хоёр тал байнга мэдээлэл солилцож байна. Алан хядах ажиллагааны талаар Нью-Делитэй хийж байгаа ажиллагаа олон улсын тавцан дээр явагдаж байна. 2007 онд хүчин төгөлдөр болсон цөмийн алан хядах ажиллагаатай тэмцэх Олон улсын конвенцийн оросын төслийг Энэтхэг улс дэмжсэн явдалд бид талархал дэвшүүлж байна. Эдийн засгийн талаар Афганистан, Орос, Пакистан, Таджикстан “дөрвөлийн” хүрээнд боловсруулсан төслүүд Энэтхэг улсын сонирхолыг татна гэдэгт найдаж байна. Энэ хэлбэр бол одоохондоо Энэтхэг улс ажиглагчийн статустай байгаа ШХАБ-ийн гүнзгийрүүлсэн вариант юм. Таджикстан, Киргиз улсуудаас Афганистан улсад цахилгаан дамжуулах шугам тавих CASA-1000 төсөл бол эдгээр хамтын ажиллагааны нэг илрэл юм. Энэтхэг улс болон ШХАБ-ийн бусад гишүүд энэ системийг боловсруулахад оролцож болно. Туркменистан, Афганистан, Пакистан, Энэтхэг улсуудыг дамжих хийн хоолой байгуулах ажилд оролцох боломжийг Москва авч үзэж байна. Хийн хоолой тавих ажилд оросын компаниуд асар их туршлагатай гэдэгт ерөнхийлөгч найдаж байна. Москва, Нью-Дели хоёр цөмийн эрчим хүчний салбарт нягт хамтран ажиллаж байна. “Куданкулам” АЦС-д нэмэлт блок барих ажлыг ОУ гүйцэтгэнэ. ОУ-ын төслөөр шинэ атомын цахилгаан станц барих талаар хэлэлцээр байгуулаад байна. Өндөр технологийн салбар болон сансар судлалд хоёр улсын эрдэмтэд амжилт олоод байна. “Чандраян-2” сарны хиймэл дагуул бүтээх төсөл дээр хамтран ажиллаж байна. Энэ төсөлд оролцогчид саяхан энэтхэгийн мини-сарнаа явагчийн судалгааны станцид нэгдэхээр болсон байна. Д.Медведевийн хэлснээр энэтхэгийн сансарын хөлгийг 2013 онд хөөргөнө. Үүнээс гадна хоёр улс оросын зүг чиг олох ГЛОНАСС системийг хамтран ашиглах болно. Газар дээрхи тоног төхөөрөмжийг хийхийн тулд орос, энэтхэгийн хамтарсан компани байгуулаад байна. Цэрэг, техникийн салбарт хоёр улс уламжлал ёсоор нягт хамтран ажилладаг билээ. Ерөнхийлөгчийг Энэтхэг улсад айлчлахын өмнө, 5 дах үеийн сөнөөгч онгоцыг хамтран бүтээх тухай хэлэлцээрт гарын үсэг зурна гэж мэдээллээ. Зарим нэг мэдээлэлээс үзэхэд энэ төсөлд Энэтхэг улс 25 тэрбум долларын хөрөнгө оруулахад бэлэн байна. Энэтхэгийн зэвсэглэлийн зах зээл дээр барууны орнууд голлох байр эзлэж байна. Медведев энэ бүхэнд “тайван, бодитоор” хандаж байна. ОУ өрсөлдөөнд бэлэн байна. Хамгийн гол нь хэлэлцээрийн төлөөх тэмцэл дүрмийн дагуу шудрага байх ёстой гэж ерөнхийлөгч онцоллоо. Москва, Нью-Делигийн хоорондох цэрэг, техникийн хамтын ажиллагаа ил тод билээ. Өмнөд Азид бүрэлдээд байгаа цэрэг стратегийн тэнцвэртэй байдалд хор учруулахгүйгээр Энэтхэг улсын батлан хамгаалах чадварыг хангахад гол зорилго оршиж байгаа юм.