ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Владимир Путины урилгаар тус улсад айлчилж байгаа Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд өнөөдөр Москвагийн “Ленинградский” вокзалаас Санкт-Петербург хот орохоор “Сапсан” хурдан галт тэргээр явлаа. Санкт-Петербург хотноо Монгол улсын Ерөнхий сайд болон түүнийг дагалдан яваа хүмүүс Агуу их Эх орны дайны үед Ленинградын бүслэлтэд амь үрэгдсэн 520 мянган хүний гэгээн дурсгалд зориулсан Пискаревскийн оршуулгын газрын цогцолборт очиж цэцэг өргөнө. Ерөнхий сайд С.Батболд Санкт-Петербург хотын Смольный ордонд Амбан захирагч хатагтай Валентина Матвиенкотой уулзалт хийн, дэлхийд алдартай Ленинградын Эрмитаж болон Екатерина хатны ордонг үзэж сонирхон энэ үдэш Ленинградын улсын дуурь бүжгийн театр буюу алдарт Марийн их театрт П.И.Чайковскийн “Хунт нуур” бүжгэн жүжгийг үзэх болно. Монгол улсын Ерөнхий сайд С. Батболдыг оросын талаас ОХУ-аас Монгол улсад суугаа Бүрэн эрхт Элчин сайд В. Самойленко, Оросын төмөр зам компанийн ерөнхийлөгч В.Якунин болон тус улсын албаны бусад хүмүүс дагалдан явна. Айлчлал маргааш өндөрлөнө.