Монгол улсын ерөнхий сайд Сүхбаатарын Батболд дөрвөн өдрийн албан ёсны ажлын айлчлалаар өнөөдөр Москвад хүрэлцэн ирлээ. С.Батболд, Орос улсын ерөнхий сайд Владимир Путинтэй хэлэлцээр хийнэ. Тэрээр мөн Орос улсын парламентийн дээд, доод танхимын дарга нар Сергей Миронов, Борис Грызлов болон орос, монголын засгийн газар хоорондын комиссийн оросын хэсгийн дарга Игорь Левитинтэй уулзана гэж ИТАР-ТАСС мэдээллээ. Хэлэлцээрийн явцад бүс нутгийн болон хил орчмын районуудын хамтын ажиллагааны төлөвлөгөөг оролцуулан хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөж байна. С.Батболд монгол, оросын ажил хэрэгч форумд оролцож, Москва хотод ажиллаж амьдарч байгаа эх орон нэгтнүүдтэйгээ уулзана.