Мексикийн Канкун хотод дэлхийн бүх улсуудын экологийн сайд нар болон төрийн тэргүүнүүд 12-р сарын 7-10-ны хооронд дэлхийн цаг агаарын бодлогийн үндсэн асуудлаар тохиролцоонд хүрч чадах эсэх нь тодорхой болно. Энэ дээд хэмжээний уулзалтыг долоо хоногийн турш ажлын хэсгийнхэний хэлэлцээний хүрээнд бэлтгэлээ. Тэд төгсгөлийн баримт бичгийн ноорогийг ч тохиролцож чадаагүй гэдгээ шинжээчид хүлээн зөвшөөрлөө. Ноднин жил Дани улсад болсон цаг уурын бага хуралд оролцогчид хэлэлцэн тохирсон Копенгагены тохиролцоо л өнөөдөр цорын ганц, харилцан буулт хийх жишээ болж магадгүй гэж ОХУ-ын ГХЯ-ны орлогч сайд Александр Яковенко манай радиод өгсөн ярилцлагадаа мэдээлээд: Одоо Канкуны хэлэлцээнд оролцож байгаа янз бүрийн бүлэг улсуудын ашиг сонирхолыг илэрхийлсэн Копенгагений тохиролцоо бол нилээд дорвитой баримт бичиг юм. 2010 оны турш дэлхийн 140 улс энэ тохиролцоонд тохируулж хүлэмжийн хийг багасгах болон цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч байгаа тодорхой арга хэмжээнүүдээ мэдээлсээр байсан. Энэ нь улс орнууд хүлэмжийн хий багасгах талаар сайн дураараа үүргээ биелүүлж байна гэсэн үг. Одоохондоо ямарч хууль эрхийн хэлэлцээр байхгүй ч гэсэн улс орнууд сайн дураараа энэ асуудал дээр ажиллаж эхлээд байна. Орос улс бас Копенгагений хэлэлцээрт нэгдэж ороод байна. Хүлэмжийн хийг 2020 он гэхэд бүх улсуудын хувьд зүг чиг болсон 90-ээд оны түвшингээс 15-25%-иар багасгана гэж тохиролцоод байна. Киотын протоколын хугацаа 2012 онд дуусаж байгаа билээ. Тухайн үед 2004 онд Москва энэ баримт бичгийг баталсан юм. Ингэснээр цаг уурын өөрчлөлтийн эсрэг олон улсын хамтын ажиллагааны чухал хөшүүрэг ажилд орсон бөгөөд Орос улсын оролцоогүйгээр энэ хөшүүрэг ажиллахгүй байсан. Энэ гэрээний дагуу авсан үүргээ Орос улс өнөөдөр давуулан биелүүлж байгаа билээ. Олон улсын шинэ цаг уурын горим журмын дагуу идэвхитэй ажиллахад ч бэлэн байна гэж Александр Яковенко тэмдэглээд: Том улсуудын хооронд хуулийн чанартай үүрэг хүлээлгэх хэрэгтэй байна гэдгээс эхэлмээр байна. Эхний ээлжинд АНУ, Хятад, Орос улсууд байна. Зарчмын хувьд шинэ тохиролцоо нийтийг хамарсан олон талтай байх хэрэгтэй, учир нь түүнд бүх улсууд оролцсон байх хэрэгтэй. Энэ тохиролцоонд зөвхөн хөгжингүй орнууд үүрэг хүлээгээд зогсохгүй хөгжиж буй орнуудад тохирсон зүйл ангиуд байх ёстой гэж тэр хэллээ. Энэ асуудлаархи Орос улсын байр суурь бусад улсуудын байр суурьтай тохирч байгаа. Ноднин жилийн Копенгагений бага хурал дээр гарсан олон олон санал зөрөлдөөн хадгалагдаж үлдсэн. Үүнийг улс төрийн шийдвэргүйгээр даван туулах боломжгүй юм. 12-р сарын 10 гэхэд талууд тохиролцоонд хүрч баримт бичгийг зөвшилцөнө гэдэгт найдах л үлдээд байна. Канкуны уулзалт бүтэлгүйтлээ гэж бүү дуулдаасай!