АНДЭЗХА-ны байгууллагийн  дээд хэмжээний уулзалтыг 2012 онд хийх Владивосток хотын дэд бүтэц болон үл хөдлөх хөрөнгийн объектуудыг барихад 200 тэрбум гаруй рублийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Хоёр жилийн дараа энд орчин үеийн нисэх онгоцны буудал, Русский арал хүртлэх гүүр, шинэ авто зам, их сургуулийн цогцолбор, эрчим хүчний болон орон сууц нийтийн аж ахуйн үйлчилгээний газруудыг барьж байгуулна. Владивостокыг ажил хэрэгч, эрдэм шинжилгээ, соёл боловсролын төв болгох нь Алс Дорнодыг хөгжүүлэх тэргүүн зэргийн төслүүдийн нэг болоод байна гэж ОУ-ын засгийн газрын тэргүүн В.Путин, Хабаровск хотод болж байгаа “Нэгдсэн ОУ” намын бүс нутгийн бага хурал дээр үг хэлэхдээ онцлон тэмдэглэлээ. Приморын нийслэл Владивосток хот энэ жил 150 жилийн ойгоо тэмдэглэсэн билээ. Урьд нь энэ хот, боомт-хот гэдэг нэртэй байсан бол одоо цоо шинэ түүхээ эхлэж байна. Ирээдүйд Владивосток хот Ази, Номхон далайн бүсийн дэлхийн ажил хэргийн төв, дэлхийн томоохон боомт хот болно гэж В. Путин онцлон тэмдэглэлээ. АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын дараа ч гэсэн хотыг үргэлжлүүлэн хөгжүүлнэ гэж ерөнхий сайд хэллээ. Владивостокын нүсэр том бүтээн байгуулалт бол Алс Дорнодыг хөгжүүлэх цорын ганц “хөгжлийн цэг” биш юм. Хабаровскт хэлэлцэж байгаа бүс нутгийн ирээдүйтэй төслүүдийн дотор бүс нутагт шаардлагатай, хөрөнгө оруулагчидад сонирхолтой төслүүд ч байна. Жишээ нь, газар тариалан, аж үйлдвэрийн цогцолборууд, эрүүл мэнд, спорт, дэд бүтэцийн объектүүд байна. Мөн Чукоткын Анадыр, Якутск, Курилийн Кунашир, Итуруп арлуудад барих болон сэргээн засварлах онгоцны буудлууд байна гэж Путин тэмдэглэлээ: Харин нисэх онгоц үйлдвэрлэх тал дээр Амар мөрөн дэх Комсомольск хотод иргэний агаарын тээврийн “Сухой-супер- жет-100” шинэ онгоцыг үйлдвэрлэж байна. Зүгээр туршилтын ганц нэг онгоцны тухай биш нийтийн үйлдвэрлэлийн тухай ярьж байна. Энэ бол бидний хамтарсан төсөл, жишээ нь, хөдөлгүүрийг бид францын компаниудтай, авионикыг италичуудтай хамтарч хийсэн билээ. Энэ онгоц бидний “тоон системээр” хийсэн, иргэний агаарын тээврийн сүүлийн үеийн бүх шаардлагыг хангасан онгоц болсон билээ. Италийн түншүүд нилээд олон тооны онгоц худалдаж авахаар шийдээд байна. Энэ бол европын зах зээл дээр гарч байна гэсэн үг гэж ерөнхий сайд хэллээ. Алс Дорнодын геополитикийн нөөц бололцооны тухай ярих юм бол ойрын үед дэлхийн эдийн засагт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх болно гэж шинжээчид үзэж байгаа Ази Номхон далайн бүс нутагтай интеграцчлагдах чухал газар юм. Хятад руу салбарлах “Номхон далай-Зүүн сибирь” нефть дамжуулах хоолойг барьж дууссны дараа  АНД-н бүс нутгуудын ихэнх хэсгийг түүхий эдээр хангах хүчтэй эх үүсгэврийн хувьд оросын алс дорнодын бүс нутгийн нэр хүнд өсөх болно. Алс Дорнод нь түүхий эдийн асар их нөөцтэйгээс гадна хүн оршин суух болон үйлдвэрлэлийн томоохон зангилаа барьж байгуулж болох хүн хөндөөгүй газар нутагтай юм. Улс орны хүнсний аюулгүй байдлын нэг бүрэлдүүн хэсэг болж чадах хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар ч бий болж болох юм. Алс Дорнодын өрсөлдөх чадвартай болж болох нэг чухал хүрээ бол гайхамшигтай сайхан байгал юм. Эдгээр нь Камчаткын халуун рашааны хөндий болон галт уулсууд, Хабаров, Приморын хязгаарын Сихотэ-Алинь, Якутын Лена мөрний багананууд зэрэг юм. Энэ байгалын дархан цаазат газруудыг одоохондоо хүссэн болгон үзэх боломжгүй байна, ийм учраас эдгээр газруудын эргэн тойронд дэд бүтцийг байгуулж, хөгжүүлэх шаардлагатай байна гэж В. Путин тэмдэглэлээ. Тэргүүлэх чиглэлтэй гэж нэрлэсэн энэ төслүүдийг амьдралд хэрэгжүүлснээрээ, төвөөсөө алслагдсан нутгийн хүн амын амьдралын түвшинг эрс дээшлүүлнэ. Эдгээр төслүүд, ундны усны хангамж, орчин үеийн эмнэлэг барих, бүс нутгийн хүртээмжтэй агаарын тээврийг хөгжүүлэх, ажлын шинэ орон тоо бий болгох шинэ орд газруудыг нээх зэрэг тодорхой асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна. “Нэгдсэн ОУ” нам болон түүний удирдагч В.Путины шууд оролцоотойгоор зохион байгуулсан энэ форум энэ жилийн 4 дэх буюу төгсгөлийнх боллоо. Энэ жилийн 4-р сараас эхлээд Сибирийн, Хойд Кавказын, Приволжийн холбооны тойрогуудад ийм бага хурлууд болж ирсэн билээ. Тэнд, Хабаровсктой мөн адил тус бүс нутгуудыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг авч хэлэлцсэн билээ. Ийм форумыг явуулснаараа бид, үнэн чанартаа 2012 он хүртлэх Орос улсын хөгжлийн стратегийг бүрэлдүүлж байгаа юм гэж В.Путин онцлон тэмдэглэлээ.