Оросын сансарын нисгэгч Федор Юрчихин, америкийн сансар судлаачид Даглас Уилок, Шеннон Уокер нарын суусан “Союз ТМА-19” жолоодлогт сансарын хөлөг Казахстаны Аркалык хотоос хэдэн арван километр зайд газардсан байна. Москва орчмын нислэгийг удирдах төвөөс энэ тухай мэдээлжээ. Эх дэлхийдээ буцаж ирсэн сансарын нисэгчид, сансарт 162 хоног ажилласан байна. Газардалтын аюулгүй байдал болон эрж хайх ажлыг Ан-12, Ан-24 дөрвөн онгоц, арван дөрвөн Ми-8 нисдэг тэрэг, эрэл хайгуулын 7 машин гүйцэтгэсэн байна. “Союз ТМА-19” сансарын хөлгийн хөөргөлт ОУСС-ийн хөтөлбөрийн дагуу зуу дахь нь болсон байна.