БНХАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Вень Зябао 11-р сарын 23-24-нд ОХУ-д албан ёсоор айлчлах үеэрээ тэргүүлэх салбар дахь стратегийн түншлэлийн цаашдын хөгжлийн асуудлыг хэлэлцэнэ. Тэрээр Орос улсын ерөнхий сайд Вдадимир Путинтэй ээлжит удаагаа уулзаж, орос, хятадын бизнес форумд оролцоно. Сүүлийн үед орос, хятадын харилцаа стратегийн шинж чанартай болоод байна. Энэ нь удаан хугацааны харилцан нийцэж байгаа ашиг сонирхол дээр тулгуурлаж байна. Мөн олон улсын өргөн асуудлаар нэгдмэл байр суурьтай байж, бие биенээ нөхөж байгаа эдийн засгийн асуудлыг ч орхигдуулахгүй байна. Ийм учраас л Орос, Хятад улсуудын хэлхээ холбоо бүх түвшинд идэвхитэй, эрчимтэй хөгжиж байна. ОХУ-ын ерөнхийлөгч Д.Медведев, БНХАУ-ын дарга Ху Зиньтао нар зөвхөн энэ жил гэхэд л хоёр талын болон олон улсын дээд хэмжээний уулзалтууд дээр 7 удаа уулзаад байна. Орос улсад хятад хэлний жил амжилттай болж өнгөрсөн бөгөөд үүний үр дүнгээр хоёр тал залуучуудын болон оюутнуудын солилцоог өргөжүүлэх боломжийг авч үзэх болно. Эцсийн эцэст Орос, Хятад улсуудын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа дэлхийн эдийн засгийн хямралын нөлөөг даван туулж 2008 оны хямралын өмнөх түвшинд хүрч чадлаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн даргын ОХУ-д хийх одоогийн айлчлалын явцад өнгөрсөн жилийн хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, ирээдүйн харилцан хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох болно. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургуулийн профессор Сергей Лузянин манай радиод ярилцлага өгөхдөө Вень Зябаогийн айлчлалын зорилгыг ингэж тодорхойллоо: Нэгдүгээрт, стратегийн харилцааны улс төрийн цар хүрээг цаашид бэхжүүлэх. Хоёрдугаарт, худалдаа эдийн засгийн харилцааны хөгжлийн шинэ шинэ төслүүдийг амьдралд хэрэгжүүлэх. Эхний улс төрийн цар хүрээ нь, АНУ-Хятад, АНУ- Орос улсуудын харилцааны цар хүрээнээс хамгийн сайн нь байна. Харин эдийн засгийн харилцаа л хоцрогдож байна. Ийм учраас хятадын ерөнхий сайдын айлчлал энэ харилцааг улс төрийн харилцааны түвшинд авчирахад чиглэгдэж байна. Манай харилцааны ихэнх хэсэг нь эрчим хүчний болон түүхий эдийн хэсэгт ноогдож байгаа нь ойлгомжтой. Энэ айлчлалын гол зорилго болон гарын үсэг зурах хэлэлцээрт эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлээд зогсохгүй өөрчлөн салбарлуулахад оршиж байна. Өөрөөр хэлвэл энэ нь зөвхөн хий, нефть биш цахилгаан, атомын эрчим хүч, шинэ төрлийн түлш, шингэрүүлсэн хийн нийлүүлэлт, эрчим хүч болон эрчим хүчний тоног төхөөрөмжийн хүрээнд өндөр технолог боловсруулах зэрэг асуудлууд юм. Сибирь, Алс Дорнодод шинэ, шинэ орд газруудыг боловсруулахад хятадын хөрөнгө оруулалтын капиталын зарим хэсгийг оруулах төлвийг авч үзнэ. Нөгөө талаас орос, хятадын хамтын ажиллгааны шинэ өндөр технологийн салбаруудыг сорих сайхан боломж гарна гэсэн үг. Жишээ нь, “Сколковод” хятадын талыг оролцуулна. Хоёр орны ерөнхий сайд нар юанийг рублиэр чөлөөтэй солих асуудлыг оролцуулаад санхүүгийн сэдвүүдийг хэлэлцэхээр төлөвлөж байна. Энэ солилцоо энэ сарын сүүлчээр явагдаж эхлэх байх. Орос, Хятад улсуудын эдийн засгийн хамтын ажиллагаа илт өссөн, дэлхийн санхүүгийн систем тогтворгүй байгаа, америкийн долларын үүрэг суларч байгаа зэргээс болж ийм алхам хийх боломжтой болсон юм.