Орос улсад болж байгаа Монгол улсын соёлын өдрүүдийн хүрээнд, Москва хотын “Иллюзион” кинотеатрт монголын уран сайханы киноны наадам болж байна. Монголын киночдын сонгодог болон  орчин үеийн 8 киног наадмын явцад үзүүлнэ. Сонгодог бүтээлээс “Мандухай цэцэн хатан”, “Үер”, “Энэ хүүхнүүд үү”, кинонууд байна. “Мандухай цэцэн хатан” кино Москвагийн олон улсын 13-р кино наадмын диплом хүртэж байсан. Оросын кино сонирхогчид шинэ гарсан монголын уран сайханы 3 киног ихэд сонирхож байна. Монголын кино наадам, найруулагч Бат-Өлзийн Баатарын 2010 онд бүтээсэн “Татарин ажиллагаа” киногоор эхэллээ. Энэ удаагийн хөтөлбөрт найруулагч Жанчивдоржийн Сэнгэдоржийн “Оксиген”, Батдоржийн Жаргалсайханы “Жигшүүрт хэрэг” зэрэг 2 шинэ кино бас үзүүлнэ. Москвад үзүүлж байгаа монгол киноны наадамд оролцохоор Х. Жигжидсүрэн, З. Баянзул, Б. Байгалмаа, Д. Батсүх, М. Есөнмөнх нарын зэрэг монголын кино урлагын нэрт төлөөлөгчид иржээ. “Иллюзион” кинотеатрт монгол киноны өдрүүд 11-р сарын 20 хүртэл үргэлжилнэ.