Оросын домогт “Варяг” хөлөг онгоцны далбааг эх оронд нь буцаасан явдлыг ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев, Орос, Өмнөд Солонгос улсын шинэ, сайн санааны харилцааны билиг тэмдэг гэж нэрэллээ. Өмнөд Солонгосын Инчхон хотын захиргааныхан, хөлгийн далбааг хүлээлгэж өгөх ажиллагаа Сөүл хот дахь Орос улсын элчин сайдын яамнд боллоо. Одоогоос зуу гаруй жилийн өмнө тэр үед боомт хот Чемульпо гэдэг нэртэй байсан манай хотын ойролцоо “Варяг” хөлөг онгоц, японы бүлэг хөлөг онгоцтой байлдсан билээ гэж тус хотын дарга Сон Ен Гиль ёслолын үеэр ярилаа. Тэр үеийн дайн тулалдааны хосгүй дурсгалт зүйлийн нэгийнх нь хувьд энэ далбааг Инчхон хотын иргэд хайрлан хамгаалж ирсэн билээ. “Ерөнхийлөгч Д. Медведевийг Өмнөд Солонгос улсад албан ёсоор айлчилж байгааг тохиолдуулан энэ далбааг Орос улсад шилжүүлж өгөхөөр шийдсэн” гэж хотын дарга хэлээд саяхан Солонгос улсын ерөнхийлөгч энэ шийдвэрийг дэмжсэн юм гэж нэмж хэллээ. “Варяг” хөлөг онгоцны далбааг дамжуулсан явдал бидний хувьд билиг дэмбрэлтэй зүйл боллоо. Учир нь энэ далбаа “Варяг” хөлөг онгоцны далайчдын давтагдашгүй гавьяаны гэгээн дурсгал юм гэж Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ёслолын ажиллагаан дээр хэлээд: Өнөөдөр “Варяг” хөлөг онгоцны далбааг хүлээж авснаараа манай далайчдын баатарлаг гавьяаг гүнээ хүндэтгээд зогсохгүй амьдралд гавьяат үйлсэд зай байдаг гэдгийг харуулахыг хичээж байна. Энэ далбааг эх орондоо гүн хүндэтгэлтэйгээр байрлуулж, хайрлан хамгаалснаараа оросын шинэ үеийнхэнд, тэдний өвөг дээдсийн олон жилийн өмнө байгуулсан гавьяаг мэдрүүлэх болно гэдэгт итгэхийг хүсэж байна гэж Д.Медведев хэллээ.  “Манай эрэлхэг Варяг дайсанд хэзээч бууж өгөхгүй, өршөөлийг хэнч хүсэхгүй ээ”, өнгөрсөн зууны үеийн энэ дууны үгийг өнөөдөр орос хүн бүр мэддэг билээ. 1904 оны орос,японы дайны үеэр “Варяг” хөлөг онгоц болон жижигхэн “Кореец”завь хоёр, японы 14 хөлөг онгоцтой байлдсан билээ. Энэ  хатуу ширүүн тулалдаан нэгхэн цаг үргэлжилсэн юм. Оросын далайчид дайсны 3 хөлөг онгоцыг устгаж, нэг мин тээгчийг сөнөөсөн байна. Баатарлаг хөлөг онгоц “Варяг”-ийн багын 33 далайчин амь насаа алдаж, 88 нь шархадаж, хөлөг онгоц усан доорх хэсгээрээ 4 гэмтэл авсан байна. Оросын далайчид, бууж өг гэсэн дайсны саналыг няцаажээ. Дайсанд гэмтсэн хөлөг онгоцоо олзлуулахгүйн тулд тэд “Варяг”-ийг живүүлж, “Кореец” завийг дэлбэлхээр шийджээ. Бусад амьд үлдсэн далайчид ойролцоо хөвж явсан англи, францийн хөлөг онгоц руу шилжсэн байна. Энэ баатарлаг гавьяаны билиг тэмдэг болсон “Варяг” нэрээр оросын орчин үеийн ТЦХ-ний  пуужин тээгч аврага хөлөг онгоцыг нэрлэсэн байна. Одоо энэ аврага хөлөг Инчхон хотын боомтод зогсож байна. Солонгосын далайчдын гараас энэ түүхэн далбааг энэ байлдааны хөлөг онгоцны хүндэт харуул, хүлээж авсан байна. Хэдэн өдрийн дараа энэ пуужин тээгч аврага хөлөг онгоц Эх ороныхоо зүг жолоо залах болно.