Ирэх долоо хоногт Москва, Санкт-Петербург хотынхон монголын гайхамшигтай урлагын бүтээлүүдтэй танилцах болно. Орос улсад болох Монгол улсын соёлын өдрүүд энэ хоёр хотод болох юм. Хоёр улсын соёлын хамтын ажиллагааны тухай салбар хоорондын хэлэлцээрт хоёр жилийн өмнө гарын үсэг зурсан гэж ОХУ-ын Соёлын яамны төлөөлөгч Андрей Трояновский яриагаа эхэллээ. Монгол улсад Орос улсын соёлын өдрүүд, Орос улсад Монгол улсын соёлын өдрүүдийн ажиллагаанууд энэ баримт бичигт тусгалаа олсон байдаг юм. Ноднин жилийн 8-р сард манай хоёр ард түмэн Халх голын ялалтын 70 жилийн ойг тэмдэглэж байхад ОХУ-ын ерөнхийлөгч Д. Медведев тус улсад байсан бөгөөд Орос улсын соёлын өдрүүд маш амжилттай болж өнгөрсөн билээ. Одоо ОХУ-д хариу ажиллагаа болох гэж байна. Москва, Санкт-Петербург хотынхон Монгол улсын соёл урлагын төлөөлөгчдийг тэсч ядан хүлээж байна. Монгол анд нөхдийн төлөөлөгчдийг Монгол улсын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын яамны сайд ноён Отгонбаяр тэргүүлэж байна гэж Трояновский ярилаа. Орос улсад болох соёлын өдрүүдийн эрхийг, “Шоу” нэртэй, наадмын хөтөлбөрүүдийн агентлаг, арилжааны компани авсан байна. Энэ эрхийг авахын төлөө тэд тендерт оролцжээ. Энэ төслийн гүйцэтгэх захирал  Римма Крылова бидэнд ингэж ярилаа. Орос улсад болох Монгол улсын соёлын өдрүүд 11-р сарын 15-наас эхлэнэ. Соёлын өдрүүдийн нээлтийн ажиллагаа болон Гала концерт, оросын нийслэлийн хамгийн нэр хүндтэй, улсын академик Их театрын  шинэ тайзан дээр болно. Энэ концертод монголын 90 жүжигчин оролцоно. Эдгээр жүжигчид Монгол улсад болон гадаадад нэрд гарсан жүжигчид юм. Энэ концертод Монгол улсын дуурь бүжгийн театрын гоцлол дуучид, бүжигчид, ардын дуу бүжгийн чуулга болон монгол улсын “Морин хуур” хамтлагын уран бүтээлчид оролцож байна гэж Римма Крылова ярилаа. Оросын нийслэлийнхэн болон зочид концерт эхлэхийн өмнө Их театрын зааланд нээгдсэн “Орчин үеийн Монгол улс” үзэсгэлэнг үзэх болно. Мөн энэ өдөр Дорно дахины ард түмэн улсын музейд “Өнгө ба зохиомж” нэртэй хүүхдийн зургийн үзэсгэлэн нээгдэнэ. Монголын орчин үеийн хөгжим сонирхосон хэн бүхэн 11-р сарын 16-нд “Арга билиг” этно-жааз хамтлагын концертыг үзэж сонирхох болно. Энэ хамтлаг Монгол улсад нэрд гарсан хамтлаг бөгөөд Москвад анх удаагаа тоглох гэж байна. Санкт-Петербургийн оршин суугчид 11-р сарын 18-нд тэдний хөтөлбөртэй танилцах болно. Москвачууд бас монголын уран сайханы кино үзэх болно. Соёлын өдрүүдийн хүрээнд, оросын нийслэлийн эртний кинотеатруудын нэг “Иллюзионд” монголын кинонуудыг үзүүлнэ. Энэ хөтөлбөрт өнгөрсөн үеийн алдартай “Үер”, “Энэ хүүхнүүд үү”, “Мандухай цэцэн хатан” зэрэг кинонууд орсон байна. Орос улсад Монгол улсын соёлын өдрүүд эхлэхэд хэдхэн өдөр үлдээд байна. Харин түүний үзвэрүүдийн тасалбар аль хэдийнээ олдохоо болиод байна. Монголын соёл урлагыг үнэхээр их сонирхож байна.