Москватай харилцах харьцааг хүйтрүүлэх шинэ алхамыг Токио хийлээ. 11-р сарын 1-нд ерөнхийлөгч Д. Медведев Курилийн арлуудад ажлын айлчлал хийсэнтэй холбогдуулж, нөхцөл байдлыг хэлэлцэхээр Орос улсад суугаа өөрийн элчин сайдаа Япон улс түр дуудлаа. Москва хатуу сануулга өгсөөр байтал Токио эрс шийдэмгий дипломат алхам хийлээ. Орос улсын төрийн тэргүүн өөрийн орноороо аялах маршрутаа өөрөө тодорхойлдог гэж японы талд сануулсан билээ. Курилийн арлуудад очих хэрэггүй гэж ерөнхийлөгчид зөвлөх гэж оролдох нь тэнэг хэрэг гэж Орос улсын ГХЯ-ны сайд Сергей Лавров тэмдэглээд: Энэ арлууд манай нутаг, Орос улсын ерөнхийлөгч оросын газар шороо, оросын нутаг, оросын бүс нутагтаа очсон. Үүнийг бид японы түншүүддээ олон удаа тайлбарласан. Орос, японы харилцааг хүндрүүлэх ямар нэгэн алхам хийхийг бид хүсэхгүй байна. Японы тал сайн тунгаан бодох хэрэгтэй, иймэрхүү алхам хийх хэрэггүй юм гэлээ. Москвагийн тийм их хүсээгүй алхамыг хийж эхэллээ. Токио хариу арга хэмжээ авна гэж анхааруулсан юм. Элчин сайдаа зөвлөлдөөнд дуудаж байгаа нь энэ алхамуудынх нэг бололтой. Японы төр засгийн энэ шийдвэр бол гаслантай алдаа гэж ОХУ-ын Төрийн Думын олон улсын харилцааны хорооны дарга Константин Косачев хэллээ. ОШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн Япон судлалын төвийн шинжээч Виктор Павлятенко токиогийн эсэргүүцлийг “татвалздаг” өвчин гэж нэрлээд: Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын төрийн тэргүүнүүд нийтийг хамарсан асуудлуудыг хэлэлцэхээр АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтанд бэлтгэж байхад Япон улс ийм алхам хийсэн нь түүний нэр хүндийг бүс нутагт унагаж байна. Тэдний ачаа тээш дотор хятадын талтай бас л арлын талаар маргалдсан сөргөлдөөн байсаар байгаа шүү дээ. Харин хоёр талын хамтын ажиллагааны хувьд нэг их хохирол учрахгүй байх. Яагаад гэвэл хоёр талын харилцааг тодорхойлож байгаа бодит нөхцөл байдал, эдийн засгийн ашиг сонирхол гэж байна. ОШУА-ийн Олон улсын харилцаа болон дэлхийн эдийн засгийн хүрээлэнгийн орлогч захирал Василий Михеев, Москва, Токиогийн харилцааны өнөөгийн хурцадмал байдал түр зуурынх гэж үзэж байна: Энэ байдал, Орос, Японы харилцаанд шинэ түлхэц өгөх шаардлагатай байгааг харуулж байна. Жишээ нь, АНУ, Орос, Япон улсуудын хооронд харилцан итгэлцэлийн гурван талын  эх бичгийг батлах хэрэгтэй байна. Далай тэнгист аюулгүй байдлыг хангах, нөөц баялагыг хамтран эзэмших тал дээр манайд ч гэсэн асуудал байна. Хэрвээ бид энэ чиглэлийг баримталвал, харилцааны түр зуурын ийм хурцадмал байдал үүсэж, бодит хохирол учрахгүй юм. Москвад суугаа элчингээ дуудах шийдвэр Токио гаргасны дараа Кремль,  Иокогамад болох АНДЭЗХАБ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр Орос улсын ерөнхийлөгч Д. Медведев, Японы ерөнхий сайд Наото Кан нар уулзахад саад тотгор харагдахгүй байна гэж мэдэгдсэн байна. Хэрвээ японы талаас ийм санал тавибал оросын тал судлаж үзэх болно гэж кремлийн эх сурвалж тэмдэглэсэн байна.