Тувагийн хилийн Эрзинийн районы Эрзин гол дээгүүр шинэ гүүр нээлээ. Тувагийн эдийн засгийн хувьд стратегийн ач холбогдолтой энэ гүүр тус улсыг нэг районыг холбоод зогсохгүй хил залгаа Монгол улстай холбож байгаа юм. Одоо энэ гүүрэн дээгүүр Монгол улсаас ирэх бараа ачсан хүнд даацын машинууд чөлөөтэй зорчих боломжтой боллоо. Гүүр барих зардал 246 сая рублийг холбооны төсвөөс Тувад гаргаж өгсөн байна. Их жанжин Сүвээдэйн нэрийг өгснөөрөө шинэ гүүр онцлог боллоо. Сүвээдэй баатар, орчин үеийн тувачуудын өвөг дээдэс гэж тооцогддог урайнхай гаралтай байсан болохоор энэ гүүрийг түүний нэрээр нэрлэжээ. Гүүрний дэргэд уран барималчин Сергей Ойдупын урласан Сүвээдэйн хөшөөг босгосон байна. Хөдөлгөөн эхлэхийн өмнө лам нар шинэ гүүрийг аравнайлжээ.