Өмнөд Курилд ажлын айлчлал хийсэн Д. Медведев, Курилийн арлуудын амьдралын түвшинг нэн даруй сайжруулах хэрэгтэй гэж үзэж байна. Москва, Токио хоёр газар нутгийн маргаанаас болж 1945 оноос хойш энхийн гэрээ байгуулж чадахгүй байгаа Курилийн арлуудад Орос улсын төрийн тэргүүн анх удаагаа очиж байна. 8000 хүн амьдардаг Кунашир аралд ерөнхийлөгчийн онгоц газардсан юм. Гурван цаг хагас үргэлжилсэн айлчлалынхаа явцад ерөнхийлөгч нутгийн хүн амтай уулзаж, орон нутгийн үйлдвэрүүдийг үзэж дэлгүүрийн барааны үнийг сонирхож, 300 граммын жинтэй хатаасан загас замдаа хэрэглэхээр худалдаж авлаа. Курилийн арлуудын амьдралын түвшин, оросын төвийн нутгийн амьдралын түвшинтэй ижил болно гэдэгт итгэж байна гэж ерөнхийлөгч хэлээд: Арлын амьдралын нийгмийн стандартыг оросын стандарттай нийцүүлэхийн тулд манай орны алслагдсан энэ нутгийн иргэдийн авч байгаа үйлчилгээ, Сахалин мужид цаашилбал бүхэл орны хэмжээнд хүрэх боломжийг бүрдүүлж өгөх явдал юм. Ингэхийн тулд тийшээгээ мэргэжилтнүүдийг ирүүлэх хэрэгтэй байна. Энд ажилахаар ирсэн хүмүүс амьдралын сайн нөхцлөөр хангагдсан байх ёстой, үүний тулд орон сууцны тусгай хөтөлбөр боловсруулах шаардлагатай байна. Энэ хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадвал энд ажиллахаар ирсэн хүмүүс удаан хугацаанд магадгүй үүрд үлдэж ч мэднэ гэж тэр хэллээ. Өмнөд-Курильск тосгонд баригдсан цэцэрлэгийн шинэ байшинд ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзлаа. Том Курилийн урт сэрвэнгийн Шикотан арлууд дээр ойрын үед орчин үеийн нэг шинэ цэцэрлэг нээгдэнэ. Аялал жуулчлал хөгжүүлэх тал дээр авч үзэх юм бол энд жуулчлалын бүс байгуулах нөхцөл бүрэн бүрдсэн байна. Хэт аялал сонирхогчид Курилийн арлын дундуур далбаат завиар хөвж, галт уулуудыг узэж эхэлсэн учир аль хэдийнээ танил болжээ. Тайван амгалан амрахыг хүссэн хүмүүс Кунашир арлын халуун рашаанд орж шавар эмчилгээ хийлгэж болно. Геолог, эрдсийн шинжлэх ухааны доктор Игорь Давиденко манай радиод өгсөн ярилцлагадаа, энэ нутаг бол үнэхээр гайхамшигтай дахин давтагдашгүй нутаг юм гэж хэлээд: Чиний эх орны чинь нэгээхэн хэсэгт одоо бүрэлдэн тогтох үедээ явж байгаа амьд нутаг байна гэж бодохоор бахдан бахархадаг билээ. Хөөрхий европчууд үүнийг мэдэхгүй. Тэнд ийм нутаг заяагаагүй юм гэлээ.Орос улсын ерөнхийлөгчийн өөрийн нутаг дэвсгэрийн нэгээхэн хэсэгт хийсэн ажлын айлчлал, өөр улсын эсэргүүцлийн бай боллоо. Японы ГХЯ, Орос улсын элчин сайдад ноот бичиг гардууллаа. Японы ард түмний сэтгэлийн шархыг сэдрээлээ гэж японы ГХЯ-ны мэдэгдэлд өгүүлжээ. Энэ аялал эхлэхээс өмнө оросын ГХЯ-ны сайд Сергей Лавров, энэ эсэргүүцэл манай байгууллагын эрх хэмжээнд хамаагүй гэж мэдэгдсэн юм: Би гадаад бодлого хариуцдаг, Курилийн арлууд бол ОХУ-ын нутаг дэвсгэр, ийм учраас энэ бол улсын дотоод асуудал. Ерөнхийлөгч өөрийн орноороо явах төлөвлөгөөгөө өөрөө бие дааж шийддэг гэлээ. Дэлхийн 2-р дайн дууссны дараа Кунашир, Итуруп, Хабомай, Шикотан арлууд ЗХУ-ын харьялалд орсон юм. Япон энэ асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд байнга маргаан үүсгэдэг юм. Олон улсын хууль эрхийн талаас авч үзэх юм бол энэ нутаг маргаантай нутаг биш. Хэрвээ Япон улс маргаантай бусад нутгийн асуудлыг бүрмөсөн орхих юм бол Хабомаи, Шикотан арлуудыг буцааж өгч болох тухай хамтарсан тунхагыг 1956 онд Орос, Япон улсууд баталсан билээ. Харин Япон улс бүх дөрвөн арлыг авна гэж зүтгэж байгаа юм Токиогын энэ удаагийн эсэргүүцэл бас өөр нэг газар нутгийн маргаантай давхацлаа. Япон, Хятад хоёр улс, хятадаар Дяюйдао, японоор Сэнкаку гэж нэрлэдэг арлын талаар маргалдсаар байгаа юм. Японы засгийн газрын нэр хүнд унасан явдал гал дээр тос нэмсэн мэт боллоо. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн японы судалгааны төвийн удирдагч Валерий Кистанов манай радиод ярилцлага өгөхдөө энэ тухай ингэж ярьсан юм: Ардчилсан нам болон ерөнхий сайд нь Хятад улстай хэрхэн харилцаж байгаад японы нийгэм дургүйцэж байна. Наото Канын засгийн газрыг дэмжиж байгаа хүмүүсээс, дэмжихгүй байгаа хүмүүсийн тоо анх удаа илүү боллоо. Хятадтай газар нутгийн маргаан үүсгэснээс болж Япон улсын байдал сайнгүй байгаа болохоор тус улсын удирдагчид оросын чиглэлд үнэлгээ авахаар шийдсэн бололтой. Ийм учраас л Орос улсын ерөнхийлөгчийн Өмнөд Курилд хийсэн ажлын айлчлалд илүү их анхаарал хандуулах шиг боллоо. Энэ асуудал дээр, улс төрийг эдийн засгаар солихгүй байхыг оросын шинжээчид зөвлөж байна. Орос улс энэ нутгийг хамтран эзэмшье гэж удаа дараа мэдэгдэж байсан. Өнгөрсөн зууны сүүлчээр хоёр орны эдийн засгийн байгууллагуудыг оролцуулсан хоёр талын хамтарсан комисс байгуулж, хамтарсан төслийг боловсруулж эхэлсэн билээ. Энэ сайхан төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд эдийн засгийн огтолцох цэгийг олох хэрэгтэй болохоос газар нутгийн маргааныг дэвэргэх хэрэггүй билээ.