0 Орос,  АНУ  мансууруулах бодисоор наймаа хийж олсон орлогын хөрөнгө «угаах» ба ил тод болгохтой холбоотой асуудлуудаар  хамтран ажиллахаар тохиролцсон гэж мансууруулах бодисын эргэлтэд хяналт тавих оросын холбооны  албаны тэргүүн Виктор Иванов  Вашингтонд мэдэгдлээ. Тэрбээр  мансууруулах бодисын  хууль бусын наймаа, тээвэрлэлтийг эсэргүүцэх ажлын хэсгийн хуралдаанд оролцжээ. Хуралдааны дүнгээр Орос, АНУ мансууруулах бодисын хууль бус эргэлтийг эсэргүүцэх тухай хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурав. Афганистанаас мансууруулах бодисыг шургалан нэвтрүүлэх явдал Орос улсыг түгшээж буйг АНУ ойлгож байна. Зөвхөн албан ёсны мэдээ баримтуудаас харахад  Орост  5 сая орчим мансуурагч бий. Мөн оросын бараг 30 мянган иргэн мансууруулах бодис хэрэглэсний улмаас нас барсан  байна. Тэд гол төлөв Төв Азийн орнуудыг саадгүй дамжин нэвтэрч буй Афганистаны хар тамхины золиос билээ. Террорын эсрэг эвслийн цэрэг Афганистанд байсан ч тийм байдал хэвээр байна. Сүүлийн жилүүдэд Афганистанаас гаргаж буй  мансууруулах бодисын  хэр хэмжээ 10 дахин нэмэгдэв. Оросын ШУА-ийн  Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Игорь Хохлов байдлыг ингэж үнлэв:  «Харамсалтай нь  Афганистаны байдал мансууруулах бодистой хийх тэмцлийг америкийн тал ба тэдний холбоотнууд чухалчлахаа больсон. 2001 оноос хойш тэд эл асуудалд төдийлөн анхаархаа больсныг хэлэх хэрэгтэй. Америкийн  тал Аль-Каидын толгойлогчид болон өөрийн нь цэрэгтэй дайтаж буй  хээрийн захирагчдыг эрж хайн, мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэхийг болив. Иймээс өнөөг хүртэл байдал тааруу болсон. Америкийнхан  мансууруулах бодис үйлдвэрлэхийг зөвшөөрөх замаар хээрийн захирагчдыг өөрийн талд оруулж байна. Ийм нөхцөлд афганистаны мансууруулах бодисын наймаанд өртсөн Орос ба Евразийн бусад улс  үр ашигтай арга хэмжээ авахыг АНУ-аас шаардаж байна»-гэж тэр хэлэв. Афганистаны мансууруулах бодистой тэмцэхтэй холбогдуулан АНУ-д ямар найдвар тавьж байна вэ? Ямар учаас найдлага биелэгдэхгүй байна? зэрэг асуудалд Игорь Хохлов ингэж хариулав: «АНУ мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй  хатуу тууштай тэмцэж, хууль бусын бизнесийг зохион байгуулагчдыг мөрдөн хавчиж, мансууруулах бодисын тариалангийн талбайг устгана гэж Евразийн орнууд найдаж байна. Мансууруулах бодисын үйлдвэрлэлтэй тэмцэх цогцолбор арга хэмжээ шаардагдаж байна. Гэвч үнэн хэрэг дээр афганистаны хар тамхины асуудал  дөнгөж Ази, Европын орнуудын асуудал болсон. АНУ-ын дотоодын байдалд бараг нөлөөлөхгүй байна. Америкийн иргэд гол төлөв Мексикийг дамжин Латин Америкаас  нэвтрүүлсэн мансууруулах бодист өртсөн юм. Иймээс тэд Евразийн орнуудын хүүхдүүдийн байдалд сэтгэл зовнихгүй байна» гэж тэр хэлэв.  Мансууруулах бодисын таван лаборатори Афганистанд хаана байрлаж байгааг Орос улс  АНУ-д 3,7 саруудад мэдээлсэн. Одоо тэдгээрийг устгах тодорхой ажиллагаа явуулна гэж найдаж байна. Виктор Иванов  америкийн ажил нэгтнүүдэд хандан тийнхүү мэдэгдлээ. Гэвч мансууруулах бодистой тэмцэх АНУ-ын удирдах газрын ажилтнууд НАТО-гийн командлалаас зөвшөөрөл өгөхгүй буйг зааж, нууц лабораторидудыг устгах техник, шатахуун дутагдалтай буйг анхааруулав.  Орос америкийн талд шатахуунаар туслана гэж Виктор Иванов хэллээ. Хамгийн гол нь мансууруулах бодистой  тэмцэх хүрээнд үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хэрэгтэй гэж  үзэж байна.