Северцевийн нэрэмжит Оросын шинжлэх ухаан академийн экологи, хувьслын асуудал эрхэлсэн хүрээлэнгийн эрдэмтэд зүүн Сибирийн өмнөд хэсэгт ирвэсийн тоо толгойг судалж байна. Энэ ховор араатан олон улсын Улаан номонд орсон юм. Дэлхийн хэмжээнд ирвэс 6 мянган толгой байгаагаас 150 орчим нь оросын нутагт байна. Экспидицийн эхний шатанд биологичид 8-р сард араатныг танихын тулд нутгийн замчдын хамт 48 гэрэл зургийн аппарат байрлуулжээ. Ирвэс бүр өөр өөр толботой. Өндөр уулын замд таарч байгаагүй шинэ хэрэгсэл гэрэл зургийн аппаратыг ирвэс үнэрлэж, хоншоороороо үрсэнээс харамсалтай нь ихэнх зургийг устгажээ. Хүн цастай ууланд ирвэстэй таарахаар бэдэрч явахдаа ажиглалтын объект болсноо ч мэддэггүй. Ирвэс араас нь мяраан мэдэгдэлгүй ажиж байдаг байна. Энэ болгоомжтой, баригдашгүй араатантай таарна гэдэг ховор аз хэмээн экспидицийн дарга Андрей Поярков ярьж байна:  Би ирвэсийг байгал дээр ганц ч удаа хараагүй. Манай хоёр хөтөч, "Увс нуурын хотгор" дархан цаазат газрын ажилтнууд энэ өвөл ирвэстэй таарч, анх удаа аппаратаар гэрэл зургийг нь авсан. Энэ суурилуулсан аппарат бус Орос улсад анх удаа гартаа барьсан аппаратаар ирвэсийн зургийг авсан. Ирвэс уулын амьтан. Их гавшгай, уулаар сайн явж, маш өндөрт авирдаг. Их хол харайдаг. Сайхан үстэй тул өвөлдөө маш хүйтэн эрс тэс уур амьсгалтай газар нутагладаг. Гайхалтай баримжаатай хөдөлдөг.  Энэ экспидицээр судлаачид хэд хэдэн ирвэс барьж, радио дохио бүхий хүзүүвч зүүх бодолтой байна. Үүгээр ирвэсийн хаана яваа газрыг хиймэл дагуулаас ажиглах боломжтой гэж Андрей Поярков ярилаа. Маш өргөн  хөтөлбөртэй. Ирвэсийн шилжин явж байгаа газар, нутагладаг газар, бүлэг дотор төрлийн холбоотой янз бүрийн төрлийн түвшин, ирвэсийн молекул-генетикийн онцлогийг судлах зэрэг хэд хэдэн судалгаа хийнэ. Бид Монголын судлаачидтай хамтран ажиллаж, дээжээ солилцоно. Ирвэсийн тоо толгойг хамгаалах хэд хэдэн практик арга хэмжээ боловсруулна гэж найдаж байна. Ирвэс нь судлаач болоод эко жуулчдын сонирходог маш ховор амьтан. Одоо "Ирвэс" хөтөлбөрийг Оросын Газар зүйн нийгэмлэг удирдаж байна. Тухайлбал "Амарын бар", "Белуха-цагаан халим загас", "Алс Дорнодын ирвэс", "Цагаан баавгай" зэрэг Орос улсын Улаан номонд багтсан амьтныг судлах хөтөлбөрийн хамт үүнийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн экспидиц эрдэм шинжилгээний томоохон ажлын эхлэл юм. Ирвэсийг уулын ариун амьтан хэмээн үздэг нутгийн оршин суугчдыг энэ хөтөлбөрт татан оролцуулах бодолтой байна. Удахгүй Сибирьт ирвэсийн музей байгуулахаар төлөвлөж байна.