Оросын засаг захиргаа нефть, хий, алмас эрдэнэ, алт зэрэг байгалийн нөөцийг удирдлагын нээлттэй байдлаар улс орноо дэлхийд гуравдугаар байрт орууллаа. Нээлттэй байдлаар Бразил дэлхийд нэгдүгээр байр, хоёрдугаарт Норвеги, хамгийн сүүлчийн байранд Туркмени улс орж байна. Түүхий эдийн нөөцийн үндсэн экспортлогч Саудын Арави, Катар, Алжир энэ жагсаалтын сүүлд оржээ.  Шинжээчид улс орнуудын нөөцийн удирдлагын ил тод байдлыг үнэлсэн үр дүнг "Орлогын хяналтын индекс" хэмээн нэрлэжээ. Хоёр компани хамтарсан судалгаа хийсэн байна. Хоёр компанийн нэг Transparency International компани юм. Энэ авилгатай тэмцэх, дэлхий дахинаа авилгын түвшинг судлах олон улсын төрийн бус байгууллага болно. Хоёр дахь компани Revenue Watch Institute /Орлогод хяналт тавих хүрээлэн/ буюу олон улсын эдийн засгийн задлан шинжилгээний төв юм. Дээрх хоёр байгууллага ашигт малтмал олборлож, худалдсан талаар санхүүгийн ил тод тайлан гаргадаг улс орнуудыг судалжээ. Жагсаалтад багтсан 41 орон бараг бүгд газрын баялгаа нийтийн баялаг хэмээн үздэг байна. Гэсэн ч ихэнх орны олон нийт төр засаг энэ баялгийг хэрхэн захиран зарцуулж байгаа талаар өчүүхэн мэдээлэлтэй байдаг. Мэдээж хэрэг ил тод байдал байгалийн нөөцийг зохих ёсоор удирдах баталгаа биш ч, авилгатай тэмцэх чухал чанар хэмээн Үндэсний эрчим хүчний аналитик удирдах сангийн дарга Александр Пасечник тэмдэглэв.  Орос улс 3-р байрт орсон нь их сонирхолтой. Өрнөдийн байгууллагаас манай эдийн засаг ил тод бус, авилга их хэмээн бид байнга сонсдог. Түлш-эрчим хүч, алмас эрдэнэ олборлох салбар нэлээд хаалттай салбар юм. Ялангуяа уран, хүдэр, нефтийн нөөц зэрэг стратегийн ач холбогдолтой объект болох эрчим хүчний салбар нэлээд хаалттай. Нөгөө талаас ил тод байдлаар гуравдугаар байрт орсон нь Орос улс дэлхийн зах зээлд тодорхой давуу талтай, манай улсад хөрөнгө оруулах боломжтой гэсэн үг юм. ДНБ-ий 80 хувь нь нефть, уул уурхайн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээс бүрддэг улс орнууд сүүлийн судалгаанд хамрагдсан гэж мэргэжилтнүүд "Орлогын хяналтын индекс" онцлогийг тэмдэглэж байна.