Валютын дайны аюул занал бодитой болж магадгүй. Олон улсын валютын сангийн шинжээч, дэлхийн тэргүүлэх банкны мэргэжилтнүүд ийнхүү анхааруулж байна. Үндэсний валют улс төрийн жинхэнэ зэвсэг болж магадгүй хэмээн ОУВС-ийн захиран зарцуулагч захирал Доминик Стросс-Кан анхааруулав. Хятад улс үндэсний валютын ханшийг өсгөхийг АНУ шахаж байсныг ажиглагчид саяхныг болтол анхааралтай ажиглаж байлаа. Ингэж шахах тоолонд Бээжин энэ талаар бодоно хэмээн амладаг ч, тодорхой арга хэмжээ авч байгаагүй юм. Учир нь юанийн ханшийг өсгөснөөр экспорт эрс буурч, эдийн засаг унаж, нийгмийн ноцтой хор уршигтай хэмээн Хятад улс үзэж байна. Өчигдөр Европ энэ талаар Америкийн нэгэн адил байр суурь илэрхийлэв. Европын Холбоо-Хятадын дээд хэмжээний уулзалтын үеэр Европын Холбоо цаашид үндэсний валютын бусад валюттай харьцах ханшийг өсгөхийг Хятадаас шаардлаа. Үүний хариуд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн сайд Вэнь Зябао ийм алхам шинэ хямарлыг өдөөх тул дахин энэ асуудалд Хятадыг шахахгүй байхыг уриалжээ. Евро бүлгийн тэргүүн Жан-Клонд Юнкер уулзалтыг дүгнэв. Юанийг дутуу үнэлсэн хэвээр үлдлээ. БНХАУ-ын валютын евротой харьцах ханш өсөх мөчийг бид их хүлээж байна. Хятадын удирдлага бидний байр суурьтай санал нийлэхгүй байна. Валютын асуудал хятадын юаниар хязгаарлагдахгүй. Швейцари франкийн өсөлтийг хоёр дахь жилдээ тогтоон барьж байна. Япон улс сүүлийн 6 жилд анх удаа валютын интервенц хийсэн юм. Үүний зэрэгцээ тус улсын төв банк арилжааны банкуудад олгох зээлийн хүүгийн хувь хэмжээг тэглэж, эдийн засгийг дэмжих арга хэмжээг өргөжүүлсэн юм. Үүний дүнд иений ханш шууд 4 хувиар хямдарсан байна. Бразил валютын өсөлтийг зогсоохын тулд гадаадын санхүүгийн хөрөнгө оруулалтын татварыг хоёр дахин нэмэв. Америкчүүд Хятадыг валютын ханшаа өсгөх хэрэгтэй хэмээн шахахын зэрэгцээ долларын ханшийг аль болох хурдан бууруулахын тулд мөнгө хэвлэх машинаа бүрэн хүчээр ажиллуулж байна. Үйлдвэрлэлийн өртгийг хямдруулж бараа таваарын эрэлтийг нэмэгдүүлэхийн тулд валютын ханшийг хямдруулахын төлөө тэмцэж байна. Энэ зоосны нөгөө тал гэж байгаа хэмээн Анатолий Аксаков анхаарууллаа: Үндэсний валютын бусад валюттай харьцах ханшийг бууруулахад инфляц ямагт дагалдаж байдаг. Инфляц илэрсэн даруйд холбогдох орнууд инфляцтай тэмцэх арга хэмжээний нэг валютыг бэхжүүлэх арга хэмжээ авдаг. Валютын дайн хохиролгүй байдаггүй. Гадаадын бараанд худалдааны саад тотгор тавих нь дараагийн алхам байж болно. Үүний дүнд олон улсын худалдааны хэмжээ нэлээд буурна. Үүний улмаас дарамт нэмэгдэж, эдийн засаг цочирно.