Оросын сансрын судалгааны ойрын 100 жилийн ирээдүй Амар мужийн "Восточный" шинэ сансрын буудалд түшиглэнэ. Пуужин хөөргөх хоёр цогцолбортой, олон улсын агаарын буудалтай, аж үйлдвэрлэлийн бааз, түүнд түшиглэсэн хот бүхий дэлхийн хамгийн орчин үеийн сансрын буудал байна. Прага хотноо саяхан болсон сансрын 61 дэх конгресст Роскосмос компанийн төлөөлөгчид энэ тухай танилцуулсан юм. Орчин үеийн сансрын буудал өөрийн үйлдвэр, автомашин, болон төмөр замтай бүхэл бүтэн хот байна. Энэ бүхнийг 5 жилд барихаар төлөвлөжээ. 2016 онд "Восточный" сансрын буудлаас анх удаа пуужин хөөргөнө. Барилгыг 30 мянган мэргэжилтэн барина гэж Амар мужийн дарга Олег Кожемяко ярилаа. Энэ нэр хүндтэй шинэ төсөл. Нүсэр төсөл зөвхөн Амар мужийн нутаг дэвсгэр төдийгүй Хабаровскоос өгсүүлээд Якут хүртэл Алс Дорнодын бүх субъектыг хамарч байна. Гадаадынхан үүнийг сонирхож байна. Энд Алс Дорнодод хандах тэс өөр арга барил бүрэлдэж байна. Сансрын буудлын дэргэдэх хот ямаршуу байх ёстой вэ? Энэ давтагдашгүй эрдэм шинжилгээ-аялал жуулчлалын "Сансрын нутаг дэвсгэр" байна. Тухайлбал барилгын давтагдашгүй гаднах төрх, байгууламж, байгалтай гайхалтай хосолно гэж Москва хотын нэрд гарсан архитекторч Дмитрий Пшеничников үзэж байна. Манай улс хаана ч байхгүй зүйлийг байгуулах боломжтой. Америк, англи, хятад, франц, энэтхэгчүүдийн алинд нь ч ийм зүйл байхгүй. Зөвхөн шинжлэх ухааны хот эсвэл инженерийн корпус бүхий пуужин хөөргөх цогцолбор бус харин аэровокзалд ирсэн хүмүүс шууд ирээдүйд очсон мэт орчин бүрдүүлэх хэрэгтэй. Архитекторчид 35 мянган хүн оршин суух хотын төрхийг бүрдүүлэхдээ, энд Орос улс төдийгүй дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид хүрэлцэн ирэхийг харгалзаж байна. Тэд зочид буудалд байрлаж, сансрын нисэгч, инженер, эрдэмтийн аж төрж байгаа сансрын буудлын гудамжаар алхана.  Өмнөд Солонгосын сансрын буудал, Францын Гвиан дахь Куру сансрын буудлыг байгуулсан туршлагыг харгалзан технологийн шинэ түвшинд Амар мужийн "Восточный" сансрын буудлыг босгоно гэж Роскосмос компанийн тэргүүн Анатолий Перминов хэллээ. Барилга, байгууламж босгоход Оросын талын туршлагыг ашиглах хэрэгтэй. Шинэ бүхнийг ашиглан "Восточный" сансрын буудлыг барих нь бидний зорилт байна. Орос улс мэтийн сансрын хүчтэй гүрэнд Плесецк, Байконурт орших сансрын буудал хангалтгүй. "Восточный" сансрын буудлын пуужин хөөргөх хоёр цогцолбор дэлхий орчмын тойрог замд сансрын таван аппарат хөөргөх хүчин чадалтай байна. Пуужин тээгчээс салдаг хэсэг ашигт малтмал олборлох, хөлөг онгоц, загас агнуурын бүс, эсвэл бусад улсын нутаг дэвсгэрт унахгүй. Сансрын хөлгийн нисч-буух зурвас байгуулахаар төсөлд тусгажээ. Тэгэхлээр "Восточный" сансрын буудал олон удаагийн сансрын хөлгийн зогсоол болно.