Японы засгийн газар энэ долоо хоногт Оросын ерөнхийлөгчийг япончууд өөрсдийнх хэмээн үздэг Өмнөд Курилийн аралд очихгүй байхыг зөвлөлөө. Д. Медеведев цаг агаар муу байсан тул тийш ниссэнгүй. Харин Орос улсын Гадаад хэргийн яам энэ зөвлөлгөөгөө өөртөө үлдээхийг Японд зөвлөлөө. ЗХУ болон Орос улсын ерөнхийлөгч урьд хэзээ ч Өмнөд Курилд очиж байгаагүй. Д.Медведев Хятадад айлчилсны дараа тийшээ явахаар зэхэж байсан юм. Үүнийг мэдсэн япончууд дарамталж эхлэв. "Токио оросын талд байр сууриа хүргэсэн" гэж Японы засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ. Д.Медведев Өмнөд-Курилийн аралд очих шаардлага байхгүй гэжээ. Японы Гадаад хэргийн сайд үүнийг жич хэлэхээр оросын элчин сайдыг урьжээ. Токио энэ арлыг өөрсдийнх нь хэмээн үзэж байгаа хэмээн Японы ерөнхий сайд Наото Кан баталлаа. Хэрэв Д.Медведев тэнд очвол "японы тал шийдвэртэй хариу арга хэмжээ авна" хэмээн Японы засгийн газар мэдэгдсэн юм. Орос улсын ерөнхийлөгч орос орны хаана очих эрхтэйг Токио шийддэг болж таарах нь ээ? "Мэдээж хэрэг Өмнөд Курилд очино. Энэ манай орны хамгийн чухал бүс нутаг" хэмээн Д.Медведев хэллээ. Д.Медведевийн айлчлалын маршрутыг өөрчлөх оролдлогод Орос улсын нэлээд тэвчээртэй улс төрчид эгдүүцэв. "Японы тал юу ч гэж үзэж болно. Гэхдээ энэ байр суурь Орос улсад удирдлага болох ёсгүй" гэж Улсын Думын олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин Косачев хэллээ. Ерөнхийлөгч ажлын хүрээнд ОХУ-ын газар зйүн янз бүрийн цэгт очдог. Курилийн арал гарцаагүй Орос улс эзэмшдэг газар зүйн цэг билээ. Ерөнхийлөгч тэнд очиход зөвшөөрөл, тохиролцох, мөн зөвлөлгөө хэрэггүй. Энэ талаар Оросын Гадаад хэргийн яам ширүүн мэдэгдэл хийлээ: "Орос улсын ерөнхийлөгч улс орныхоо нутаг дэвсгэрт очих маршрутаа өөрөө тодорхойлно. Энэ талаар гаднаас зөвлөх зохимжгүй". Япон улс Өмнөд Курилийн арлын тухайд ямагт "Оросын хууль бусаар эзэлсэн нутаг" гэсэн тодорхойлолтыг ашигладаг. Үүнтэй холбогдуулан Москва "дээр дурдсан арал дэлхийн хоёрдугаар дайны төгсгөлд олон улсын эрх зүйн дагуу ОХУ-ын нутаг дэвсгэр болсон бөгөөд НҮБ-ын дүрэмд баталгаажуулсныг" сануулах хэрэгтэй гэж үзлээ. Яриа хэлэлцээнд арлын статусын сэдэв байгаа хэмээн Орос улс үндсэндээ хүлээн зөвшөөрөхөд япончууд цагтаа маш их баярлаж байсан. Москва энэ асуудлаар ярихад бэлэн гэдэг нь дэлхийн хоёрдугаар дайны дүнг "эргэн харна" гэсэн үг биш юм. Энэ арал 1945 он хүртэл Японы мэдэлд байсан нь чухал биш юм. Япон улс 1945 он хүртэл олон зүйл эзэмшиж байсан тухайлбал Сахалины талыг эзэмшиж байсан. Одоо үүнийг буцааж өгөх үү? Милитарист япон 20-р зууны эхний хагаст үйлдсэн түрэмгий дайнд Манжур, Солонгос, Энэтхэгхятадын хойг, Филиппин, Номхон далайн тоолж баршгүй арлаас өгсүүлээд Индонез, Шинэ Гвиней хүртэл газар нутгийг эзэлсэн. Япончууд эдгээрийг буцааж авах бодолтой байна уу? Филиппин, Индонезийг буцааж авах гээгүй, харин тэднээс шударга бусаар авсан арлыг буцаах бодолтой байна гэж Токио хэлж байна. Залуу шүдэрхэг Япон цэргийн давуу талаа ашиглан хамгаалалтгүй хөрш орны нутгаас том хэсгийг хазаж, европын гүрнүүдийг эзэлсэн Гитлерийн эзэнгүй колонийг гартаа оруулж байхдаа шударга ёсны талаар бодож байсан уу?. Токио тэр үед Оросын Сахалин арлын өмнөд хэсгийг эзэмших нь шударга эсэхийг нойроо хулжтал бодож байсан нь юу л бол. Оросын эзэнт улс ялагдаж, Японы эзэнт улс ялсан дайн болсон. Тэгээд Оросын Сахалин арлын тал нь японы мэдлийнх болж байсан. Учир нь өнөөдөр газрын зурагт заасан хилийн ихэнхийг дайны дараа зурсан. Ялагдсан нь бус харин ялсан нь шинэ хилийг хаагуур тогтоохыг шийддэг. Хэрэв ЗХУ дэлхийн хоёрдугаар дайнд ялагдсан бол гитлерийн герман болон милитарист Япон тус улсын газар нутгийг хэрхэх байсныг төсөөлөхөд бэрх. Харин дайнд ялагдсан Япон улс цэцэглэн хөгжиж, ялсан талд нутаг дэвсгэрийн маргаан өдөөж байна. Милитарист Япон өөрсдийн хүслээр дэлхийн хоёрдугаар дайнд оролцсон. Европт дайн дэгдэхээс өмнө Азид түрэмгий дайн дэгдээсэн. Юу тарина түүнийгээ хүртэнэ. Талууд арлыг эдийн засгийн хувьд хамтран эзэмших төсөл боловсруулж байна. Харин энэ оны 1-р сард япончууд энэ арга замыг сонирхохоо больж, арлаа буцааж авахыг хүсч байгаагаа мэдэгдсэн.