Москва хотын дарга Юрий Лужковыг албан тушаалаас огцруулсан нь Орос улсын дотоод улс төрийн амьдралын гол сэдэв байлаа. Энэ үйл явдал Москва төдийгүй нийт улс оронд онцгой үйл явдал байсан гэж шинжээчид хэлж байна. Ерөнхийлөгчийн шийдвэр улс төрс судлаачдад гэнэтийн үйл явдал байсангүй. Нийслэлийн даргыг албан тушаалаас нь огцруулах тухай сүүлийн саруудад их ярьсан. Москва хотыг 2025 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний төслийг энэ оны хавар хэлэлцэх үеэр энэ яриа ихэссэн юм. Тэргүүлэх олон шинжээчид энэ төлөвлөгөөг эсэргүүцэж байлаа. Баримт бичгийг баталбал Москва хотын түүхэн төрхийг сүйтгэнэ хэмээн тэд баталж байв. Төлөвлөгөөр барилгыг эмх замбараагүй барьж, тун удахгүй тээврийн систем сүйрнэ хэмээн тэмдэглэж байжээ. Хотын захиргаа бараг энэ баримт бичгийг "шахаж" байсан тул үүний ард авилгачдын ашиг сонирхол байна гэх яриа дэгджээ. Үүнээс өмнө нийслэлийн түшмэд оролцсон авилгын шуугиан олон нийтэд ил болж байсан юм. Ямар нэг объект барих зөвшөөрөл олгосноос голдуу ийм шуугиан дэгдэж байлаа. Үүний дүнд Орос улсын прокурорын дэргэдэх Мөрдөн шалгах хороо 3 жилд Москва хотын дүүргийн удирдах газар, муж, засгийн газрын түшмэлийн эсрэг эрүүгийн 24 хэрэг үүсгэжээ. Үүний зэрэгцээ хотын захиргааны авилгын шинэ шуугианыг  олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол мэдээлж байв. Москвагийнхан ч ялгаагүй үүнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байв. Хурцадмал байдал оргилдоо хүрч, хэлэлцэн тохирох цаг байхгүй харин нөхцөл байдлыг эрс өөрчлөх цаг мөч тохиосон нь ойлгомжтой. Тэгээд ерөнхийлөгч Д.Медведев Юрий Лужковт итгэл үзүүлэхээс татгалзсан юм. Зөвхөн нийслэлд өөрчлөлт хийж байна хэмээн бодож болохгүй хэмээн Гадаад хэргийн яамны Дипломат академийн профессор Борис Шмелев ярьж байна: Юрий Лужковыг албан тушаалаас огцруулсан нь авилга, хүнд сурталтай тэмцэх жинхэнэ кампанит ажлын эхлэл, хотын магадгүй орон даяар хийх шинэчлэлийн эхлэл гэж москва хотынхан үзэж байна. Орос улсад одоо л авилгатай тэмцэж эхэлж байна гэж буруу бодож болохгүй хэмээн шинжээчид тэмдэглэв. Төр засаг бүр эртнээс ийм бодлого хэрэгжүүлсэн. Тухайлбал ерөнхийлөгч 4-р сард авилгатай тэмцэх Үндэсний стратеги, авилгатай тэмцэх үндэсний 2 жилийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан юм. Баримт бичигт энэ салбар дахь улсын бодлогын үндсэн чиглэлийг тодорхойлсон байна. Олон нийтийн оюун санаанд аажмаар авилгын ямар ч хэлбэрт дургүйцэх суурь тавих ажил эхэлж байв. Улс орны хууль сахиулах байгууллагын ажлыг шинэчлэх ёстой "Цагдаагийн тухай" хууль үүнтэй тэмцэх чухал хүчин зүйл байлаа. Москва хотын даргыг албан тушаалаас нь огцруулсан нь авилгатай тэмцэх гинжийн ээлжит хэсэг юм. Албан тушаалаас нь огцруулах хүн үүгээр зогсохгүй болохыг Д.Медведев ойлгуулсан. Нийслэлийн шинэ даргад авилгын энэ бүх асуудал шилжиж байна. Москва хотын дарга ямар байх ёстой талаар Эдийн засгийн дээд сургуулийн улс төр судлалын факультетын декан Марк Урнов ярьж байна: Энэ хүн Москва хотын байгууллага, дүүрэг, хотын захиргаа, цагдаа зэрэг бүх түвшинд авилгатай эрчимтэй тэмцэж эхлэх ёстой. Үүнээс гадна хотын шинэ дарга нийслэлийн будлиантай, төвөгтэй аж ахуйн асуудлыг цэгцлэх учиртай гэж Европын зөвлөлийн шинжээч Алексей Самохвалов нэмж хэлэв.  Холбооны засаг захиргаа хэн нэгнийг Москва хотын даргаар томилохдоо энэ хүн энэ том хотын аж ахуйн асуудлыг мэдэж байгаа эсэх, тээврийн систем, санхүүгийн болон бусад асуудлыг удирдаж чадах эсэхийг тунгаан бодох учиртай. Оросын засаг захиргаа маш чухал алхам хийсэн гэж шинжээчид тэмдэглэж байна. Энэ долоо хоногт болсон үйл явдал авилгын эсрэг бүр дээд түвшинд тэмцэж, энэ ажил хором ч зогсохгүй болохыг баталлаа.