Орос улсын ерөнхийлөгч анх удаа төрийн албан хаагчийг ажлаас халлаа. Зэвсэгт хүчний хошууч генерал орлогоо худал мэдүүлжээ. Энэ үйл явдал болон нийслэл хотын дарга Лужковыг ажлаас халсан, мөн цаашид дээгүүр албан тушаалтныг ажлаас халах төлвөтэй байгаа зэрэг нь ерөнхийлөгч улс орныг авилгаас цэвэрлэж байгааг гэрчилж байна хэмээн шинжээчид тэмдэглэв. Д.Медведев бүс нутгийн тэргүүнийг ажлаас халах, албан тушаалаас нь "огцруулах" эрхээ анх удаа эдэлж байна. Албан тушаалаас нь огцруулах сүүлчийн хүн энэ биш хэмээн төрийн тэргүүн хэллээ:  ОХУ-ын ерөнхийлөгчийн хувьд Юрий Михайлович Лужковд Москва хотын даргын хувьд итгэх итгэл алдарсан. Орос улсын дээд албан тушаалтан ерөнхийлөгч аливаа түшмэл, ямар нэг бүс нутгийн удирдагчид итгэхгүй тохиолдолд ерөнхийлөгч, бүс нутгийн дарга хамтран ажиллах тухай төсөөлөхөд бэрх юм. Ийм л зүйл болсон. Ийм үйл явдал анх удаа тохиолоо, дахин давтагдахыг үгүйсгэхгүй. Энэ тодорхой нөхцлөөс шалтгаална.  Москва хотын дарга болоод бүс нутгийн хэдэн даргыг авилгалд буруутгасан мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэг бус удаа гарсан. Холбооны засаг захиргаа бүрэн эрхээ хувийн ашиг сонирхолд ашиглаж байгаа түшмэдийг албан тушаалаас нь зайлуулахад бэлэн, шийдвэр төгс байна гэж шинжээчид ярилаа.  Хуучин системийг эвдэх тухай ярьж байна гэж Үндэсний авилгатай тэмцэх хорооны дарга Кирилл Кабанов ярилаа: Авилгын систем цогцлуулсан хүмүүс авилгачид. Одоо авилгачдын эсрэг практик арга хэмжээ авч эхэлж байна. Өнөөгийн байдлаар авилгалд автсан хүнд суртал хамгаалах чадалтай систем болсон тул үүний эсрэг тэмцэхэд төвөгтэй. Орос улсад төрийн тэргүүний шууд удирдлаганд хараат бус мөрдөн шалгах байгууллага байгуулна. Өнөөгийн энэ системийн сул талыг үндсээр нь арилгах ёстой хууль сахиулах байгууллагыг шинэчлэх ажлын хүрээнд үүнийг байгуулж байна. Мөрдөн шалгах хороо Ерөнхий прокурорын газраас ангид бүрэн хараат бус байна гэж Улсын Думын хууль тогтоомжийн асуудал эрхэлсэн хорооны дарга Павел Крашенинников мэдэгдэв:  Иргэдийн эрхийг хамгаалах эцсийн зорилготой. Өнөөгийн систем тархай бутархай, шууд хэлэхэд үр нөлөөгүй ажиллаж байна. Мэдээж хэрэг дотооддоо ашиг сонирхолын зөрчил үе үе гарна. Тиймээс мэргэжлийн түвшинд ажиллах хараат бус байгууллага байгуулж байна. Хараат бус шинэ байгууллага авилгын дурын үзэгдэлтэй үр нөлөөтэй тэмцэнэ. Энэ амаргүй зорилт хэмээн шинжээчид тайлбарлаж байна. Гэхдээ төрийн тэргүүн авилгатай ширүүн тэмцэхээр шийдсэн тул энэ зорилтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзэх үндэс байна.