21-р зуунд "Оросын Шанхай" сэргэж байна. Шанхайд болж байгаа ЭКСПО-2010 Дэлхийн үзэсгэлэнгийн оросын хэсгийг 5 сая гаруй хүн үзэж сонирхожээ. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев мягмар гаригт энэ тухай мэдэгдэв. Тэрээр Хятад улсад хийж байгаа төрийн айлчлалын сүүлчийн өдөр үзэсгэлэнд Оросын өдрийг нээсэн юм. Оросын ололт амжилтыг их сонирхож байна. Үзэсгэлэнгийн зочид юуны түрүүнд эрчим хүч, сансар, мөн орчин үеийн хотыг ая тухтай болгох инновацийн шинэ бүтээл зэргийг сонирхож байна. "Шилдэг хот-сайхан амьдрал" үзэсгэлэнгийн сэдэв Оросын иргэдэд ойрхон, ойлгомжтой байна гэж Д.Медведев тэмдэглэв. Оросын хотууд соёл иргэншлийн хөгжилд ямагт чухал үүрэг гүйцэтгэж байлаа. Хотууд хэдэн зуун жилийн турш түүхэн өнгө төрх, жинхэнэ онцлогоо хадгалжээ. Шанхайд болж байгаа ЭКСПО үзэсгэлэн дэлхий ертөнц хотуудыг эрс өөрчлөх эринд шилжсэнийг гэрчилж байна гэж Орос улсын ерөнхийлөгч дүгнэв. Энэ юуны түрүүнд эдийн засаг, нийгмийн шинэчлэлийг шуурхайлах боломж хэмээн тэрээр тэмдэглэв: Инновацийн хөгжил гарцаагүй манай орны сонголт. Бид энэ замаар явж, манай улс, манай эдийн засаг орчин үеийн амьдралд зохицож, өөрчлөгдөж, шинэчлэгдэхэд бид бүхнийг хийнэ. Шанхай хотын түүх орос-хятадын харилцаатай нягт холбоотой. 19-р зууны дунд үед энд орос хүн анх хөл тавьсан. Худалдаачин, цайны худалдаачдад Шанхай хот Орос улсад цай импортлоход дамжин өнгөрөх чухал цэг байсан. 1917 оны хувьсгалын дараа энд Оросоос цагаачдын давалгаа ирсэн. Оросын цагаачид тэнд 12 сүм, хоёр цогчин дугана босгож, үнэн алдартны шашны хорогдох газар нээж, хятадуудыг загалмайлж, рашаан хүртээж байв. Энэ хотод оросын соёл ид цэцэглэж байсан. Тэнд оросын драмын театр, бүжгэн жүжгийг сургууль нээсэн юм. Александр Вертинский Шанхайд ирж, Федор Шаляпин тэнд айлчлан тоглож байжээ. Александр Пушкины өнгөрсний 100 жилийн ойг тохиолдуулан Шанхайн орос үндэстнүүд яруу найрагчийн хөшөө босгосон юм. Энэ хөшөөг хоёр удаа эвдэж, хоёр удаа сэргээн босгожээ. Өнөөгийн байдлаар Хятадад гадаадын яруу найрагчид босгосон цорын ганц хөшөө энэ юм. Зөвлөлтийн, оросын нэрд гарсан хөгжимчин Олег Лундстрем Шанхай хотоос уран бүтээлийнхээ гарааг эхэлсэн. Өнөө үед Оросын клуб орос-хятадын соёлын уламжлал, арилжааны харилцааг дэмжиж байна. Энэ том хотод ажил хэрэг эрхэлдэг томоохон бизнес эрхэлэгч, Оросын нэрд гарсан улс төрийн зүтгэлтнүүд энд олонтаа зочилдог. Орос улс ЭКСПО-2010 үзэсгэлэнд оролцсоноор "Оросын Шанхайд" орчин үеийн онцгой өнгө аяс нэмж байна.