Минут тутам дэлхий дээр 154 хүн төрдөг. Бүгдийг зөв өсгөн бойжуулж, сурган хүмүүжүүлэх хэрэгтэй. Найм хүртлэх нас хүүхдийн хамгийн чухал үе гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ үед хүүхдийн дадал, ёс суртахууны үнэт зүйл, оюун ухаан, бүтээлч чадвар зэрэг ирээдүйн суурь бүрэлддэг. Москва хотод 9-р сарын 27-29-нд бага насны хүүхдийн хүмүүжил, боловсролын асуудлаар ЮНЕСКО-ийн дэлхийн анхны бага хурал болно.  "Хүнд хүнийг сурган хүмүүжүүлэх" ийм арга барил хамгийн оновчтой хэмээн оросын багш, сэтгэл зүйчид үзэж байна. Оросын сурган хүмүүжүүлэх уламжлалд сургуулийн өмнөх насны хүүхдийн гол үнэт зүйлийн нэг нь хүүхдийн сэтгэл хөдлөл дээд зэргийн байх ёстой гэж үздэг. Тухайлбал шинэ мэдлэг, сэтгэгдэл төрүүлэх, дотоод ертөнцийг бүрдүүлэхэд хөрс нь өгөөжтэй байх ёстой. Хүүхэд бүр байгалиас заяасан авьяастай байдаг. Хамгийн гол нь энэ чадварыг олж харж, хөгжүүлэх нь чухал хэмээн Оросын шинжлэх ухаан академийн Волгоградын эрдэм шинжилгээ-зохицуулах төвийн сэтгэл зүйч, хүүхдийг багаас нь хөгжүүлэх асуудал эрхэлсэн мэргэжилтэн Елена Козина ярьж байна. Түүний эрдмийн бүтээлийн нэг нь "Авьяастныг хайж байна... хүүхдийн авьяасыг хэрхэн тодорхойлох вэ?" сэдэвтэй байна. Хүүхдийг бага наснаас хөгжүүлэх асуудал дэлхийн хэмжээнд чухал байна. Хүн өлгийтэйгээс магадгүй бүр эхийн хэвлийд хүн болж эхэлдэг. Өнөө үед хүүхдийг бага наснаас нь хөгжүүлэх асар олон аргачлал байна. Гэхдээ хүүхдийн ирээдүй эцэг эхээс, тухайлбал амьдрал нь эхэлж байгаа бяцхан хүнд хэр хариуцлагатай хандахаас ихээхэн шалтгаална. Хүүхдийн ур чадварыг хөгжүүлж, амжилтанд хүрэхэд урьтал шаардлагатай нөхцлийг бүрдүүлэх нь эцэг эхийн гол үүрэг юм. Ингэхдээ багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйчийн гол зарчимд түшиглэх учиртай. Мэдээж хэрэг үр хүүхдээ хайрлах нь гарцаагүй. Ямар ч нийгэмд сурган хүмүүжүүлэх зорилт нэг мөр тогтоож, энэ нь хөдлөшгүй байдаггүй. Нийгмийн тогтолцоо, нийгмийн харилцааны систем өөрчлөгдөж, сурган хүмүүжүүлэх зорилт өөрчлөгдөж байна. Тиймээс нийгмийн янз бүрийн онцлогтой янз бүрийн оронд сурган хүмүүжүүлэх арга барил өөр өөр байна. Дорнын уламжлалаар шашны танин мэдэхүйн сэтгэлгээнээс үл хамааран хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг. Японд хүүхэд 5 нас хүртлээ юу дуртайгаа хийдэг. Харин 5-15 насанд "боолын" гэж нэрлэдэг үе буюу хатуу чанд сургадаг. Эртний Грекээс эхтэй барууны сурган хүмүүжүүлэх уламжлалаар юуны түрүүнд иргэний хүмүүжил олгодог. АНУ-д хүүхдийн санаачилгыг сонсож, түүнийг нь дэмждэг. Харин францын сургуулийн өмнөх боловсролын системийг хэт хатуу дэг журамтай, хүүхдэд сонгох эрх бараг байхгүй хэмээн шүүмжилдэг. Сурган хүмүүжүүлэх янз бүрийн арга барил нь маргах бус харин туршлага солилцох сэдэв байна хэмээн Москвад болж буй форумд ирсэн мэргэжилтнүүд үзэж байна. Боловсролын зөв арга барил энэ сүржин үг биш, харин  ухаантай шинэ үе төдийгүй зүгээр сайн хүн болж өсч бойжих боломж юм. Тиймээс балчир хүүхдийн амьдралын нөхцлийг сайжруулж, хөгжүүлэх нь ЮНЕСКО-ийн "нийтийн боловсрол" хөтөлбөгийн зургаан зорилтын нэг билээ.