Москва, Бээжин ойрын 20 жилд эрчим хүчний салбарт нэг ёсондоо "газрын зураг" буюу хамтран ажиллах тухай багц баримт бичигт гарын үсэг зурав. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн Хятадад хийж байгаа төрийн айлчлалын гол үр дүнгийн нэг энэ юм. Бээжинд даваа гаригт оросын нефть экспортлох баталгаа, хий нийлүүлэх нөхцөл, Хятадын атомын цахилгаан станцад хоёр шинэ блок барих тухай хэлэлцээрт гарын үсэг зурав. Д.Медведев, Ху Зиньтао нар зүүн Сибирээс Хятадад нефть нийлүүлэх "дахин ачааллах" бэлэгдлийн товчийг хамтдаа дарав. Хоёр орны удирдагчид ирэх оны 1-р сараас арилжаанд ашиглаж эхлэх нефть хоолойг ашиглалтад оруулав. Одоо жилд 15 сая тонн нефть төмөр замаар экспортолж байна. Хоолой ашиглатад орсноор дээрхээс хоёр дахин их буюу жилд 30 сая тонн нефть нийлүүлэх технологийн боломж бүрдсэн. Үүнийг хэрэгжүүлэхэд амаргүй гэж төслийн хэрэгжүүлэгч компани "Транснефть" компанийн тэргүүн Николай Токарев Бээжинд "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагчид өгсөн ярилцлагадаа мэдэгдэв. Одоогийн хүчин чадлаа өргөжүүлж, техникийн хувьд үүнийг хэрэгжүүлэх боломжтой. Одоохондоо хүсэл төдий байна. Маргаашаас 30 сая тонныг нийлүүлнэ гэж байхгүй. Гэхдээ ийм ирээдүйг үгүйсгэх аргагүй. Бээжинд болсон яриа хэлэлцээний нэг гол зангилаа хийн үнэ байлаа. Хятад улс европын дундаж үнээр хий худалдан авахыг хүсэхгүй байна. Энэ асуудал одоохондоо хэвээр үлдсэн ч, талууд ирэх оны дундуур үүнийг эцэслэж, оросоос хий нийлүүлэх арилжааны хэлэлцээрт гарын үсэг зурахаар тохиролцсон гэж Оросын дэд сайд Игорь Сечин сэтгүүлчдэд мэдэгдэв. Ийм чухал чанартай яриа хэлэлцээ бэрхшээлтэй олон асуудлатай холбоотой. Дэд бүтэц, янз бүрийн маршрут, янз бүрийн орд газар, нийлүүлэх эх үүсвэр зэрэг хамтын ажиллагааны бүх асуудлаар тохиролцож байна. Санхүүгийн асуудлыг ч мөн хэлэлцэж байна. Эргэлзээгүй бүх асуудлаар тохиролцовол, 2015 оноос оросын хийг БНХАУ-д нийлүүлж эхэлнэ. Оросын "Газпром" концерн, Хятадын үндэсний нефть хийн корпораци даваа гаригт хий нийлүүлэх нөхцлийн талаарх баримт бичигт гарын үсэг зурсан юм. Жилд 63 тэрбум шоо метр хүчин чадалтай хоёр хийн хоолой барина. Оросоос европын өмнөд хэсэгт "Өмнөд урсгал" хоолойгоор мөн хэмжээний хий нийлүүлдэг юм. Орос улс баруун Европын түншүүдтэй хийж байгаа яриа хэлэлцээгээр өнөөдөр худалдан авах хийн хамгийн бага хэмжээ зэрэг чухал асуудлыг тодрууллаа. Орос улс Сибирийн орд газрын баазад түшиглэн Алс Дорнодод бүс нутгийн эрчим хүчний шинэ төв байгуулах сонирхолтой байна. Экспортоо тараан баршуулж, шинэ зах зээл эзэмших бодолтой байна. Эрчим хүчний дэлхийн томоохон хэрэглэгчдийн нэг Хятад улстай шинэ хэлэлцээр байгуулсан нь энэ чиглэлд хийсэн алхам юм. Тэгээд ч АНУ, Өмнөд Солонгос, Япон, Хятад улс оросын нефть, хийг худалдан авч байна. Ази Номхон далайн бүс нутгийн 10 хүртэл орон энэ дараалалд зогсчээ.