Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев Хятадад албан ёсоор айлчилж байна. Тэрээр өнөөдөр өглөө тус улсын зүүн хойд хэсэгт орших Далянь хотод хүрэлцэн ирлээ. Д.Медведев хуучин Артур боомт буюу Люйшунь дүүргийн Оросын цэргийн оршуулгын газар очив. Тэнд Дэлхийн хоёрдугаар дайны үеэр, мөн 20-р зууны эхэнд японы булаан эзлэгчдийн эсрэг тэмцэж явсан орос, зөвлөлтийн 20 мянга гаруй цэргийг нутаглуулжээ. Д.Медведев дайны үзмэрийг сонирхож, ахмад дайчидтай уулзлаа. Үүний дараа Орос улсын тэргүүн Даляны гадаад хэлний дээд сургуулийн Орос хэлний төвд очив. Д.Медведев даваа гаригт БНХАУ-ын дарга Ху Зиньтаотай Бээжинд уулзана. Айлчлалын үеэр худалдаа-эдийн засгийн харилцаа, эрчим хүчний салбарт хэрэгжүүлэх төслийг хэлэлцэнэ гэж Орос улсын удирдагч айлчлалын өмнөхөн "Жэньминь жибао" сонинд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн юм.