Энэ долоо хоногт дэлхий даяараа санхүүгийн хямарал эхэлснийг эргэн дурслаа. Америкийн "Леман Бразерс" америкийн хөрөнгө оруулалтын банк 2008 оны 9-р сарын 15-нд дампуурснаа зарласан юм. Өнгөрсөн хоёр жил дэлхий нийтийн эдийн засгийг дорвитой сорилоо. Хямарлын хурц үе өнгөрсөн гэдэгт шинжээчид санал нэг байна. Гэхдээ ирээдүйг өөдрөгөөр таамаглахад арай эрт байна. Дэлхийн эдийн засаг гацсан гэж хэлж болохоор байна. Нааштай үр дүн байгаа ч, одоохондоо гол бэрхшээлтэй асуудлын нэг ажилгүйдэл нэмэгдэхээс сэргийлж чадаагүй. Олон улсын валютын сангийн мэдээгээр 210 сая хүн ажилгүй байна. Ирээдүйд энэ үзүүлэлт 440 саяд хүрч магадгүй юм. Хөгжингүй орнуудаас Америк маш хүнд байдалд байна гэж АНУ, Канадын эдийн засгийн асуудал эрхэлсэн хүрээлэнгийн дэд захирал Виктор Супян тэмдэглэв. Америкийн эдийн засгийн байдал тийм ч сайнгүй байна. Уналтаас хараахан бүрмөсөн гарч чадахгүй байна. Хэд хэдэн үзүүлэлт түгшээж байна. Юуны түрүүнд ажилгүйдэл маш өндөр түвшинд 9,6 хувьтай байна. Санхүүгийн систем, зах зээлийн аль нь ч хямарлаас бүрэн гараагүй. Орос улс ажилгүйдэл ихсэх аюулыг шууд мэдэрч, ажлын байрыг хадгалах хөтөлбөр баталсан юм. Төр засаг төсвийн нийгмийн хэсгийн зардлыг нэмэгдүүлэхээр шийдсэн нь чухал хүчин зүйл байсан. Европын аль ч улс санхүүгийн хямарлын үед Орос улсын адил тэтгэврийн хэмжээг жилд 47 хувиар нэмээгүй юм. Бодож, тунгаасан алхам оросын банк, аж үйлдвэрийн салбарт тус болсон. Хөрөнгө оруулалтын таатай орчныг хадгалж чадсан. Энэ бүхэн үр ашгаа өгч байна гэж Үндэсний стратегийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин тайлбарлав. Ажилгүйдэл хурдан биш ч, буурч байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжүүлж эхэлж байна. Тиймээс 4-р улиралд өсөлт нэмэгдэх төлөвтэй. Оны эцэст ДНБ-ийн өсөлт 5 хувь, үйлдвэрлэл 7 хувиар өснө гэх шинжээчдийн таамаг бодитой юм. Дэлхийн банкны салбар ноцтой хямарсан. Банкууд өнгөрсөн хоёр жилд зээл олгоходоо нарийн шалгаж, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадварыг анхааралтай судалж сурчээ. Зээл нэмэгдсэнээр санхүүгийн салбар алдсан байр сууриа олж авна хэмээн шинжээчид ярьж байна. Гэхдээ энэ тэс өөр шинэ зах зээл байна. Санхүүгийн салбарыг эмхэлэн цэглэх хэрэгтэй болох нь хямарлаас харагдсан. Хямарлын хоёр жилийн босгон дээр Еврокомисс богино хугацааны худалдааг хязгаарлах буюу хориглохыг санал болгожээ. Ийнхүү дамын наймаачдын үйл ажиллагааг хязгаарлах юм. Үүнээс гадна европын санхүүгийн зах зээлийг эмхэлэх шинэ агентлаг байгуулахаар төлөвлөж байна. Үйлдвэрлэлийн тухайд Женерал Моторс зэрэг томоохон компани дахин хэмнэж сурсан зэрэг хөрөнгөө илүү зүй зохистой захиран зарцуулах болжээ. Дэлхийн ихэнх том компани эдийн засгийн хямарлаас гарсан гэж шинжээчид ярьж байна. Томоохон компаниудын брэндийн барааны үнэ, өртөг энэ долоо хоногт ч тууштай өсч үүнийг баталж байна. "Кока-кола" ундаа үйлдвэрлэгч компани 11 жил дараалан оргилд байна. Жагсаалтад багтсан 100 компанийн 74 компанийн бүтээгдэхүүн үнэ өсч, ердөө 14 компанийх хямдарчээ. Жилийн өмнө энэ харьцаа эсрэгээр байсан юм. Тухайн үед ердөө 33 компанийн брэнд барааны үнэ өсч, 59 брэнд барааны үнэ унасан юм. Хямарал дэлхийн хүчний байдлыг өөрчиллөө. Европын газрын зурагт PIGS /англи хэлнээс орчуулбал "гахай" гэсэн утгатай/ хэмээн товчилсон үсгээр нэрлэх болсон хэд хэдэн дампуурч болзошгүй улс бий болжээ. Тухайлбал Португали, Испани, Грек, Ирланд зэрэг улс юм. Орос, Бразил, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн орнууд дэлхийн эдийн засагт улам их үүрэг гүйцэтгэж байна. Тэд эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлж, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байна. БРИК дэлхийн эдийн засгийг шинэ хямарлаас гаргах төлөвтэй. Хямарал үечилсэн болохыг шинжээчид анхааруулж байна. Дараагийнх  удахгүй 5-7 жилий дараа болох төлөвтэй.