Фич олон улсын үнэлгээний агентлаг оросын эдийн засаг ирэх жил 4,3 хувиар өснө хэмээн таамаглажээ. Орос улсын Эдийн засгийн хөгжлийн яам оросын эдийн засаг 4 хувиар өснө хэмээн таамагласнаас энэ тоо бага зэрэг илүү байна. Дэлхийн эдийн засаг сэргэж, Орос улсад зээл идэвхтэй олгож эхэлснээр эдийн засаг өссөн гэж агентлагийн шинжээчид үзэж байна. Хямарлын өмнөх эдийн засгийн харилцаа аажмаар сэргэж байна. Эдийн засаг өсөхөд улс орны улс төрийн тогтвортой байдал дээрх хүчин зүйлээс дутахгүй нөлөөлсөн оросын шинжээчид үзэж байна. РБК агентлагийн аналитик мэдээллийн газрын захирал Александр Яковлев ярьж байна. Улс төрийн мөчийг жагсаалтаас хасахгүй. Ирэх 2011 он сонгуулийн өмнөх үе юм. Оросын төр засаг нийгэмд чиглэсэн эдийн засгийн бодлогоо үргэлжлүүлэх бүрэн магадлалтай. Хэрэв засгийн газар сонгуулийн өмнө ухаалаг, жинтэй бодлого явуулбал оросын эдийн засгийн өсөлт гадны ямар нэг цочролгүй үед их биш ч, тогтвортой байна. Орос улс эдийн засгийн өсөлтийг хойш татах хүчин зүйлтэй тулгарч магадгүй хэмээн Фич агентлагийн шинжээчид тэмдэглэж байна. Энэ зун улс оронд тохиосон ган гачиг нэг хүчин зүйл юм. Орос улс ойрын үед татвар, төсвийн бодлогоо чангалах хэрэгтэй гэж Фич агентлагийн шинжээч үзэж байна. Нефтийн үнийн хамаарлыг бууруулахын тулд үүнийг хийх хэрэгтэй. Хүн ам зүй өөр нэг чухал хүчин зүйл юм. Орос улс сүүлийн үед нэлээд амжилтанд хүрсэн юм. Сүүлийн 5 жилд хүүхдийн эндэгдэл гуравны нэгээр буурч, нялхасын тоо, хүний наслах хугацаа нэмэгдсэн юм. Энэ нааштай хүчин зүйл үргэлжилбэл Орос улсын үнэлгээ ойрын хоёр жил дээшлэх сайхан боломж хэмээн Орос улсын амжилтанд дүн шинжилгээ хийсэн Фич агентлагийн шинжээчид дүгнэж байна. Одоохондоо агентлаг Орос улсын  Москва, Санкт-Петербуг хоёр том хотын үнэлгээг "тогтвортой" байдлаас "нааштай" хэмээн үнэлжээ.