Америкийн "Леман Бразерс" банк дампуурсан хэмээн зарласнаас хойш 9-р сарын 15-нд 2 жил боллоо. Энэ өдөр дэлхийн эдийн засгийн хямарал эхэлсэн гэж үздэг. Дэлхийн санхүүгийн хямарлын үр дагаврын жинхэнэ хэмжээг дор хаяж 10 жилийн дараа үнэлж дүгнэнэ гэж өнөөдөр шинжээчид ярьж байна. Өнгөрсөн 2 жилд санхүүгийн систем аймшигтай цочирч, шил дараалан дампуурч, үйлдвэрлэл их хэмжээгээр буурсан зэрэг дэлхийн нийтийн эдийн засагт ноцтой сорил боллоо. Фондын зах зээл ялгаагүй алдагдлаа нөхөж чадсангүй. Хямарлын хурц үеийг даван туулсан тухайд шинжээчид санал нэг байна. Одоо дүн шинжилгээ хийх цаг болсон. Банкны хугацаа хэтэрсэн зээлээс хямарал үүссэнийг харгалзан банкууд хамгийн түрүүнд дүгнэлт хийжээ. Энэ хоёр жилд тэд зээл олгохдоо илүү нарийн судалж, үйлчлүүлэгчийн төлбөрийн чадварыг анхааралтай  судалж сурчээ. Үйлдвэрлэлийн тухайд компаниуд хөрөнгөө илүү сайн захиран зарцуулдаг болжээ. Женерал Моторс зэрэг томоохон компани эргээд хэмнэж сурсан байна. Зарим орон хараахан хэмнэж болохгүй л байна. Үүний дүнд Европын газрын зураг дээр дампуурч болзошгүй хэд хэдэн улс бий болжээ. Ийм орныг PIGS тусгай товчилсон үсгээр нэрлэх болжээ /энэ үгийг англиас орчуулбал "гахай" гэсэн утгатай тул гомдолтой юм/. Энэ Португали, Испани, Грек, Ирланд улс юм. Энэ хоёр жилд ажилгүйдэл дэлхийн ертөнцийг нэгтгэж байв. Ажилгүйдлийн үзүүлэлт өндөр байгаа тохиолдолд хямарал дуусахгүй гэж Олон улсын валютын сангийн тэргүүн Доминика Стросс-Кана хэллээ. Санхүүгийн хямарал энэ хоёр жилд хөдөлмөр эрхлэлтийн хямарал болон хувирсан гэж олон шинжээч үзэж байна. Ажилгүйдэл байхгүй болсон хойно хямарал эцэслэнэ. ОУВС-ийн дурдсан тоог харвал, байдал ноцтой байна. Ажилгүй хүмүүсийн тоо 210 саяд хүрчээ. Энэ түүхэн дээд хэмжээ юм. Орос улс ажилгүйдлийн аюулыг шууд ухаарч, ажлын байрыг хадгалах хөтөлбөр баталсан юм. Төр засаг төсвийн нийгмийн хэсгийг нэмэгдүүлэхээр шийдсэн нь чухал хүчин зүйл байлаа. Европын ямар ч улсад санхүүгийн хямарлын үед Орос улсын адил тэтгэврийн хэмжээг жилд 47 хувиар нэмээгүй. Энэ арга хэмжээ оросын банк, аж үйлдвэрлэлийн салбарт тус болсон. Хөрөнгө оруулалтын таатай орчныг хадгалж чадсан. Энэ бүхэн үр ашгаа өгч байна гэж үндэсний стратегийн асуудал эрхэлсэн Зөвлөлийн хоёр даргын нэг Иосиф Дискин ярьж байна. Ажилгүйдэл хурдан биш ч, буурч байна. Хөрөнгө оруулалтын томоохон төсөл хэрэгжиж байгаа тул 4-р улиралд өсөлтийн хурд сэргэнэ гэж бодож байна. Оны эцэст ДНБ 5 хувиар, үйлдвэрлэл 7 хувиар өсөх шинжээчдийн таамаг бодитой гэж би бодож байна. Бүхэлдээ санхүүгийн хямарал дэлхийн эдийн засгийн бүтцийг өөрчиллөө. Орос, Бразил, Энэтхэг, Хятад зэрэг БРИК-ийн орнууд эхний эгнээнд байна. Эдгээр улс хөрөнгө оруулагчдын сонирхолыг хамгийн их татаж, эдийн засгийн өсөлтийн үзүүлэлтээр тэргүүлж байна. Хүчирхэг эдийн засагтай улс онцгой хариуцлага үүрдэг тул бүр алс хэтийн алхамаа тооцох учиртай. АНУ-ын засаг захиргааны эдийн засгийн алдаатай бодлого, дуутуу тооцсон зэрэгт дэлхий нийтээр золиослогдсон 2008 оны үйл явдал давтагдах ёсгүй.