0Индонезийн Өмнөд Сулавеси мужийн төв Макссарт өчигдөр эмнэлэгт хэвтсэн оросын хоёр инженерийн нэгийнх нь бие  тэнхэрч, өнөөдөр эмнэлэгээс гарч байна. Илэрсэн шинж тэмдгээс үзэхэд тэдний өвчин өмнөх тохиолдолтой хамаагүй гэж эмч нар хэллээ. Тэдний ажил нэгт нөхөр Сергей Воронин, Александр Полторак, Виктор Сафонов нар мягмар гаригийн шөнө одоогоор тодруулаагүй шалтгаанаар нас баржээ. Тэд орос улсад үйлдвэрлэсэн Су-27 сөнөөгч нисэх онгоцны засвар үйлчилгээ хийхээр Индонезийн Агаарын цэргийн хүчний баазад ирсэн байна. Тэдний байрласан зочид буудлын өрөөнд нэг мэргэжилтнээс үл мэдэгдэх бодис бүхий капсул олжээ. Зарим хэвлэлд бичсэнээр инженерүүд чанаргүй согтууруулах ундаа хэрэглэснээс нас барсан байж болзошгүй гэх хувилбарыг Оросын элчин сайдын яам шууд үгүйсгэж байна. Хордосноос амь насаа алдсан байж болзошгүй гэх хувилбарыг судалж байна. Оросын гурван иргэн нас барсан шалтгааны талаарх албан ёсны дүгнэлтийг өнөөдөр танилцуулна.