Еврогийн ханш сүүлийн өдрүүдэд нэлээд нэмэгджээ. Банкны үйл ажиллагаанд хяналт тавих Базелийн хороо банкуудад тавих шаардлагыг чангалахаа бараг 10 жилээр хойшлуулахаар шийдэсний дараа дэлхийн санхүүгийн зах зээл ийм байдалтай байна. Орос улс зэрэг аж үйлдвэр өндөр хөгжсөн тэргүүлэх 27 орны төв банкны төлөөлөгч багтдаг Базелийн хороо өнгөрсөн ням гаригт дэлхийн банкны салбарыг шинэчлэхийг сайшаажээ. Банкны капиталын чанар, активын бүтцэд үндсэндээ өөрчлөлт оруулна. Олон улсын зээлийн хямарал давтагдахаас сэргийлж, капиталын хөрвөх нөөцийн хэмжээг банкны активын 2-7 хувь хүртэл буюу гурав гаруй дахин нэмэхийг банкуудад үүрэг болгохоор шийджээ. Банк бүр санхүүгийн гэнэтийн, урьдчилан таах аргагүй үйл явдалд ашиглахаар бүрдүүлэх ёстой активийн 2,5 хувьтай тэнцэх хэмжээний буфер нөөцийн тусгай капитал үүнд багтаж байна. Базелийн шинэчлэгчид энэ хатуу шаардлагыг бага зэрэг зөөллөж: шинэ хэм хэмжээ 2013 оноос 2019 оны 1-р сар хүртэл үргэлжилнэ. Банкинд үзүүлэх дарамт шахалтыг ойрын үед нэмэгдүүлэх АНУ-ын саналыг эсэргүүцэж байгаа Европын Холбооны байр суурьтай дээрх алхам давхцаж байна. Засгийн газрын тусламжид түшиглэсэн АНУ-ын банкууд америкийн үндэсний зохицуулалтыг олон улсын болгон хувиргахаар сүрдүүлсэн гэж европын шинжээчид үзэж байна. Тэгвэл тэд дэлхийн санхүүгийн зах зээлийн ихэнх хэсгийг хянана. Герман, Франц зэрэг Европын Холбооны орнуудын хүчин чармайлтаар Базелийн хороо европын банкны салбарын ашиг сонирхолд нийцсэн, илүү зөөлөн шийдвэр гаргасан гэж ОХУ-ын санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан хорооны гишүүн Анатолий Аксаков үзэж байна. Базелийн хороо төв банкууд тэр дундаа Европын Холбооны европын орон зайд ажилладаг орнуудын санхүүгийн системийн тусгаар тогтнолыг хадгалах уян хатан шийдвэр гаргасан. Орос улсын хувьд энэ шийдвэр уян хатан байна. Тухайлбал бид капитал хүрэлцэх хэм хэмжээг оросын банкуудад тохирохоор тогтоох боломжтой. Базелийн хорооны шийдвэрийг бодвол манай хэм хэмжээ илүү хатуу тул бид энэ хэм хэмжээг чангалах шаардлагагүй юм. Нөөц бүрдүүлэх уян хатан шаардлага тогтоосон нь чухал. Орос улсад шинээр татвар ногдуулах, эдийн засаг маш хурдан, сайн хөгжиж, зээл идэвхтэй олгож байгаа таатай үед нөөцийг ухаалгаар бүрдүүлсний үндсэн дээр банкны зохицуулалт хийх хэрэгтэй. Хөрвөх хөрөнгийн тухайд бэрхшээлтэй асуудалтай тулгардаг хямарлын үед эсрэгээр банкууд бэрхшээлтэй асуудлаа шийдэж, эдийн засагт илүү идэвхтэй зээл олгож, хямарлаас гарахад эргээд түлхэц болохын тулд  нөөцийн шаардлагыг зөөллөх учиртай.  Базелийн хорооны шийдвэрийг 11-р сард "их хорийн" дээд хэмжээний уулзалтаар батлуулна.