Ярославльд эхэлсэн дэлхийн улс төрийн форумын эхний өдрийн хэлэлцүүлгийн гол сэдэв Орос улсын шинэчлэл, ардчиллын стандартууд байна. Орос улс орчин үеийн ертөнцөд оршин байх гол асуудал шинэчлэл хэмээн тус улсын засгийн газрын аппаратын дарга Сергей Собянин хэллээ. Хэрэв урьд техникийн шинэчлэл, өөрчлөлтийн үйл явц мянга дараа нь 100 жилийн турш үргэлжилж байсан бол одоо техникийн дэвшил нүдэн дээр 1-2 жилд гарч байна. Орос улс үүнийг үл тоомсорлож, анхааралгүй хажуугаар өнгөрч, дэлхийд өрсөлдөх чадваргүй болох ёсгүй. Орос улсын хувьд энэ онцгой сорил юм. Орос улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, асар их нөөцтэй, харьцангуй их биш хүн амтай улс юм. Тиймээс өрсөлдөх чадварын асуудал бидний хувьд хийсвэр бус улс орон оршин байх тодорхой асуудал болно. Орос улс сул дорой байж болохгүй. Хэлэлцүүлгийн өөр оролцогч "Роснано" улсын дээд зэргийн технологийн корпорацийн тэргүүн Анатолий Чубайс эдийн засгаас гадна улс төрийг шинэчлэхийг уриаллаа. Эдийн засгийг шинэчлэх  ёстой, үүнийг улс төрийг шинэчлэлгүй хийх боломжтой ч, бүрэн гүйцэт байж чадахгүй гэж тэр үзэж байна. Эдийн засгийн шинэчлэлээс үүдэн улс төрийг шинэчлэх тухайлбал одоо дутагдаж байгаа ардчилалыг тогтоох шаардлага гарна гэдэгт би итгэлтэй байна. Улс орноо дэлхийн жинхэнэ тэргүүлэх орны жагсаалтад оруулж, бүрэн гүйцэд үр дүнд хүрэхийг хүсвэл эдийн засгаас өгсүүлээд улс төр хүртэл шинэчлэх хэрэгтэй гэж Анатолий Чубайс хэллээ. Ерөнхийлөгчийн тамгын газрын нэгдүгээр орлогч дарга Владислав Сурков Ярославлийн форумын завсарлагаар Анатолий Чубайсын хамт дүрс бичлэгээр мэтгэлцээнд оролцов. Орос улсын өнөөгийн ардчилал нийгмийн хөгжлийн түвшинд бүрэн нийцэж байгаа хэмээн тэр хэллээ. Кремлийн түшмэлийн хэлснээр тэр эрх чөлөөг бүрэн мэдэрч байгаа аж. АНУ-ын ерөнхийлөгчийн Орос улс, Евразийн асуудал эрхэлсэн зөвлөх, Вашингтоны албан ёсны төлөөлөгч Майкл Макфол В.Сурковын хэлснийг дэмжлээ. Орос улсад ардчилал хөгжихэд бэрхшээл гарч байна. Гэхдээ оросын ард түмэн ардчилал гэгч юу болохыг ойлгож байна. Орос улсын ерөнхийлөгч Д.Медведевийн шинэчлэлийн бодлогыг АНУ дэмжиж байгааг тэрээр тэмдэглэж, улс төр, эдийн засгийн шинэчлэл шууд хамааралтай болохыг онцоллоо. Ярославлийн форумын оролцогч үр нөлөөтэй бодлогын Сангийн ерөнхий захирал Кирилл Танаев "Оросын дуу хоолой" радиод өгсөн ярилцлагдаа эхний өдрийн  хэлэлцүүлгийг дүгнэхдээ, ардчиллын нэг мөр, тогтсон стандарт гэж үгүй болохыг хүлээн зөвшөөрсөн нь гол дүгнэлтийн нэг хэмээн тэрээр тэмдэглэв. Үг хэлсэн хүмүүс ардчиллын стандартыг хүчээр нэвтрүүлж болохгүй хэмээн ярьж байсан. Энэ форумд оролцож байгаа орос, гадаадын төлөөлөгчдийн ерөнхий байр суурь юм. Ардчиллын стандарт, ардчиллын үйл явц, байгууллагууд улс бүрийн үндэсний онцлогоос улбаатай, эдгээр нь тухайн улсын түүхэн, нийгэм-эдийн засгийн онцлогт тохирох ёстой гэж оросын нэрд гарсан улс төр судлаач тэмдэглэв. Өнөөдөр Ярославлийн улс төрийн форумын хоёр дахь өдөр ерөнхийлөгч Д.Медведев үг хэлж, улс төр судлаачдын "дугуй ширээний уулзалтад" дэлхийн үндсэн асуудлаар байр сууриа илэрхийлнэ. Хэлэлцүүлгийн гол сэдвийн нэг терроризмтай тэмцэх тухай байхыг үгүйсгэхгүй.