Олон улсын санхүүгийн томоохон төвийг зөвхөн орос улсын нийслэл төдийгүй бүс нутагт байгуулна. Өргөн хүрээг хамарсан үндэсний төсөл Оросын нийслэлээс хальж, бусад том хот, том бүс нутагт тархах учиртай. Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Сергей Нарышкин Байгалийн эдийн засгийн форумын үеэр ийм байр суурь илэрхийлэв. Зээл-санхүүгийн ихэнх байгууллага зөвхөн Москвад төвлөрдөг жишгээс татгалзахыг Сергей Нарышкин уриалж байна. Орос улсын нийслэл банкаар хахаж, харин мужид банк дутагдаж байна. Өнөөдөр эрчимтэй шатанд байгаа олон улсын санхүүгийн төв байгуулах төсөл бүс нутгийн банкны бүрэн систем байгуулах үйл явцад түлхэц болно. Үүнээс гадна бүс нутаг хөрөнгө оруулагчдын хөрөнгийг эрчимтэй татах учиртай. Тэдний санхүүгийн үйл ажиллагааг хангах орчин үеийн системийг санал болгох хэрэгтэй. Эцэст нь томоохон хотууд хөрөнгө оруулалтын зах зээлд үнэт цаасаа гаргах ёстой. Москва Олон улсын санхүүгийн төвийн төв байрны үүргийг гүйцэтгэнэ. Төр засаг зөвхөн нийслэл, эсвэл Москвад ажилладаг санхүү, банкны ажилтнуудад зориулсан бус харин нийт үндэстний санхүүгийн төв байгуулах төсөл боловсруулах бодолтой байна гэж Сергей Нарышкин мэдэгдлээ. Форумд оролцож байгаа оросын томоохон банк, гадаадын санхүүгийн байгууллагын төлөөлөгчид түүний энэ байр суурьтай санал нэг байна. Орос улсад санхүүгийн томоохон төв байгуулах бүрэн боломжтой гэж Үндэсний валютын холбооны удирдах гишүүн Дмитрий Пискулов үзэж байна. Москвагийн талаар олон улсын санхүүгийн төвийн хувьд ярьж байгаа бол дэлхийг хамарсан төв, эсвэл бүс нутгийн статусын төлөө өрсөлдөж байгаа эсэхийг тодруулах хэрэгтэй. Үүнд их том ялгаа бий. Лондон, Нью-Йорк, Сингапур, Гонконг, Токио зэрэг дэлхийг хамарсан хэд хэдэн төв байгаа. Бүс нутгийн олон төв бий. Тэд бүс нутагтаа үйлчилж байна. Энэ утгаар Москва ТУХН-ийн орнуудад бүс нутгийн санхүүгийн төв гэж үзэх боломжтой. Худалдааны ажиллагаа, валютын зохицуулалт, хяналтын хувьд манайх илүү либерал горимтой. Москва зээлийн хэмжээ, банк, санхүүгийн компанийн тоогоор ТУХН-ийн орнуудын томоохон төв юм.  Орос улс илүү дэлхийг хамарсан үүрэг гүйцэтгэхийн төлөө өрсөлдөх боломжтой. Олон улсын санхүүгийн төв байгуулах засгийн газрын төлөвлөгөөгөөр татварын ил тод систем,  улс оронд капитал, хөрөнгө оруулалтыг татах санхүүгийн үр нөлөөтэй хэрэгсэл бүрдүүлэх зорилготой юм. Хамгийн гол нь төлөвлөгөө боловсруулагчид оросын санхүүгийн зах зээлийг дэлхийн зах зээлд нэгтгэж, Орос улсын санхүү, эдийн засгийн найдвартай түншийн статусыг бэхжүүлэх бодолтой байна. Энэ утгаар төсөлд бүс нутгийг идэвхтэй татан оролцуулснаар эдийн засаг, зохион байгуулалтын өөрийн гэсэн боломжтой оролцогчдын газар зүйг өргөжүүлж үүний боломжийг нэлээд нэмэгдүүлнэ.