Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев ажлын долоо хоногийн сүүлчийн өдөр энэ жил 1000 жилийнхээ ойг тэмдэглэж байгаа, Ижил мөрний эрэг дээр орших оросын хуучны Ярославль хотод очино. Энэ хотод пүрэв гаригт "Орчин үеийн улс: ардчиллын стандарт болон үр ашгийн шалгуур" сэдэвт Дэлхийн улс төрийн форум эхэллээ. Форумыг нэг ёсондоо "улс төрийн Давос" болгон хувиргахын тулд ерөнхийлөгч Д.Медведевийн санаачилгаар өнгөрсөн жил Ярославльд форумыг зохион байгуулсан юм.  Ярославлийн форумд оролцогч, оросын улс төр судлаач Глеб Павловский "Орчин үеийн улс: ардчиллын стандарт болон үр ашгийн шалгуур" форумын нэрийг тайлбарлахдаа,  Энэ төвөгтэй томъоёлол энгийн утгатай байж болно. Орос улсын удирдлагын шинэчлэлийн бодлогын зайлшгүй нөхцөл нь улс ороныг ардчилсан болгох явдал юм. Манай бизнес эрхэлэгч, түшмэдийн дунд эхлээд эдийн засаг дараа нь бусдыг нь шинэчлэх хэрэгтэй гэж үздэг нөлөө бүхий хүрээнийхэн бий. Ерөнхийлөгч тэдэнтэй санал нийлэхгүй байна. Шинэчлэл бол цогц асуудал. Тиймээс бид зөвхөн эдийн засаг төдийгүй улс орноо хэрхэн үр нөлөөтэй болгох тухай бодох хэрэгтэй. Орос улс дэлхийн тэргүүлэх улстай түншлэн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, технологи, улс төрийн стандартыг хэлэлцэхэд бэлэн байна гэж оросын улс төр судлаач тэмдэглэв. Улс төрийн форумын өөр оролцогч Ази-Номхон далайн түншлэлийн японы төвийн захирал Мусокози Кинхидэ ардчиллын стандартын талаарх байр сууриа "Оросын дуу хоолой" радиогийн сурвалжлагчтай хуваалцсан юм. Миний бодлоор улс бүр ардчиллын өөрийн "төрхтэй" байдаг. Төр засаг бүгдийн өмнөөс шийдэх ёсгүй гэсэн ардчиллын ерөнхий зарчим байна. Хүн бүр санаа бодлоо илэрхийлэх эрхтэй байх ёстой. Зөвлөлтийн үед бүгд ижилхэн сэтгэдэг гэж үздэг байсан. Японд дээгүүр тушаалын хүний хэлснийг бараг ямагт зөвшөөрөх жишигтэй байдаг. Энэ бол жинхэнэ ардчилал биш... Жинхэнэ ардчилал бол олон янз байдал юм. Ямар нэг шийдвэр гаргахад нэгдсэн байр суурьтай байх хэрэгтэй. Гэхдээ нэг янз байдал тийм ч сайн биш хэмээн японы төлөөлөгч үзэж байна. Ярославлийн улс төрийн форумын хэлэлцүүлэг эрчтэй болж байна. Хэлэлцүүлгээр өөр хоорондоо адилгүй улс орны төлөөлөгчид ярилцаж, харилцан ойлголцлын түлхүүр олохыг оролдоно.