Орос улсын төв хэсгийн Ярославль хотод пүрэв гаригт эхэлж байгаа "Орчин үеийн улс: ардчиллын хөгжил болон үр ашгийн шалгуур" сэдэвт форумд Орос улсын ерөнхийлөгч Д.Медведев оролцож байна. Төрийн тэргүүний ивээлд болж байгаа Ярославлийн форумыг хоёр дахь удаа зохион байгуулж, гадаадын улс төрийн хүрээнийхэн анхаарал хандуулж байна. "Энэ удаа форумд Италийн ерөнхий сайд Сильвио Берлускони, Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак, төр засаг, олон нийтийн нэрд гарсан зүтгэлтнүүд, гадаадын болон оросын тэргүүлэх улс төр судлаачид оролцож байна" гэж Тимакова "Russia today" телевизийн сувагт өгсөн ярилцлагадаа хэллээ. Ярославлийн форумыг  нэр хүндтэй улс төрчид, төрийн тэргүүн, сайд, бизнесийн салбарын төлөөлөгч, шинжлэх ухаан, боловсролын салбарын зүтгэлтнүүд, олон орны шинжээчдийн санал солилцох талбарын хувьд анх зохион байгуулсан юм. Д.Медведев Ярославлийн форумын хоёр дахь өдрийн ажилд оролцоно гэж ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч уламжлав. Тэрээр баасан гаригт бүгд хуралд үг хэлж, форумд оролцогчдын асуултанд хариулж, оросын болон гадаадын улс төр судлаачидтай уулзана. Д.Медведев Итали, Өмнөд Солонгосын удирдагчидтай мөн уулзана. Орос улсын ерөнхийлөгч өмнөд Солонгосын ерөнхийлөгчтэй 11-р сард болох "их хорийн"  дээд хэмжээний уулзалтын талаар ярилцана. Ярославль хотын 1000 жилийн ойг тохиолдуулан энэ жил форумыг зохион байгуулж байна. Форумд 2500 хүн оролцоно.