0Хахуулийн хэргээр "буудуулах" ял оноосон хэд хэдэн шүүх хурал болсон ч, Хятадын түшмэд авилгад автсаар байна гэж БНХАУ-ын Ардын дээд прокурорын газрын төлөөлөгч Сун Ханьсун мэдэгдлээ. Тэрээр лхагва гаригт англи хэлээр эрхэлэн гардаг "Чайна дэйли" сонинд өгсөн ярилцлагадаа, 2010 оны эхний 6 сард авилга авсан хэрэгт 9476 албан хаагчийг хариуцлагад татсан тухай мэдэгдэв. Энэ тоо 2009 оны эхний зургаан сарынхаас 20,5 хувиар илүү байна. Сүүлийн жил авилгын гэмт хэрэг нэмэгдээд зогсохгүй, авилгын хэмжээ тэрбум юань хүрч байгааг тэрээр хэллээ. Томоохон объект барихтай холбоотой улсын байгууллагын албан хаагч, санхүүгийн янз бүрийн байгууллагын ажилтнууд, намын удирдах ажилтнууд голдуу авилгад автаж байна гэж Сун Ханьсун тэмдэглэв. Орон сууцанд засвар хийх, түшмэдийг гадаадад аялуулах, тэдэнд өндөр үнэтэй зугаа цэнгээний арга хэмжээ зохион байгуулах, мөн "янаг амрагийн амралт"-ын зардлыг харицах зэрэг нь авилгын хамгийн түгээмэл хэлбэр байна. Төрийн албан хаагч оролцсон авилгын хэрэг 2003 оноос 13 хувиар өссөн гэж Сун Ханьсун хэлжээ.