Бид Халх голын тулалдааны үл мэдэгдэх баатаруудын түүхийг сэргээх учиртай гэж Эрхүү мужийн "Дорнын хил" хайгуулын нэгдсэн отрядын дарга Игорь Сеченов үзэж байна. Монголын энэ голд зарлаагүй дайн эхэлсэнээс хойш 71 жил болжээ. Энэ нутагт сураггүй болсон зөвлөлтийн 2 мянга гаруй цэргийн хувь заяа өнөө хир тодорхойгүй байна. Тэнд 2009 он хүртэл ганц ч удаа эрэл хайгуул хийгээгүй юм. Эрхүү мужийн хайгуулын отряд өнгөрсөн жил анх удаа Монгол улсын засгийн газрын зөвшөөрлөөр тулалдаан болсон газар малтлага хийжээ. Энэ зун энэ ажлаа үргэлжлүүлсэн байна. Манай отряд 7-р сарын 18-аас 8-р сарын 10 хүртэл Дорнод аймгийн Сүмбэр суманд ажилласан гэж Игорь Сеченов ярив. Эрхүү мужийн хэд хэдэн хотын дунд сургуулийн ахлах ангийн сурагч, оюутан 20 залуус экспидицид оролцжээ. Бидэнд Монголын Онц байдлын яамны аврагчид, саперчид тусалсан. Хамгийн ширүүн тулалдаан болсон Халх голын баруун эрэгт "Ремизов"-ын өндөрлөгийн орчимд үндсэндээ хайгуул хийсэн. Эрхүүгийн хайгуулын отрядынхан экспидицийн явцад Улаан Армийн 16 дайчны цогцсыг илрүүлжээ. Харамсалтай нь тэдэнд баримт бичиг байгаагүй тул үл мэдэгдэх баатаруудыг Сүмбэр сумын оршуулгын газар цэргийн хүндэтгэлээр оршуулжээ. 1939 оны 6-р сарын 22-нд сүйрсэн сөнөөгч онгоцын нисэгчийг хэн болохыг тогтоосон байна. Шумбагчид Буйр нуурын ёроолд хайгуул хийжээ. Нисэх онгоцны сэгийг эрэг дээр гаргаж чадаагүй ч, дугаараар нь сөнөөгч нисэх онгоцны ахмад Виталий Юрецкий болохыг тогтоосон байна. Хайгуулын отряд, Монголын армийн төлөөлөгчдийн хамт түүний цогцсыг Чойбалсан хотын зөвлөлтийн нисэгчдийн оршуулгын газар нутаглуулжээ. Хайгуулын отрядынхан Эрхүү хотод ирсэн хойноо ахмад Юрецкийг ар гэрийнхнийг хайсан байна. Баатарыг үрэгдэх үед гэргий нь Сочи хотод оршин сууж байсныг тогтоожээ. Сибирьт хамгийн хуучинд тооцогддог Эрхүү мужийн орон нутгийг судлах музейд Халх голын тулаан болсон газраас олдсон олдворыг дэлгэн үзүүлжээ. Энэ музейг 1782 оны 12-р сард үүсгэн байгуулсан юм. 2010 оны экспидицид оролцогчид музейд өнгөрсөн үеийн үнэ цэнэтэй 40 орчим олдворыг бэлэглэжээ. Үнэ цэнэтэй олдвор цуглуулах нь бидний тэргүүн зэргийн зорилт байгаагүй гэж Игорь Сеченов хэллээ. Тулалдаан болсон газар хайгуул хийх үеэр бид зөвлөлт, японд үйлдвэрлэсэн сумны ортой бортго, тэр үеийн пулемётын диск, гранат, тогоо, төмөр аяга, цэргийн төмөр малгай, тулаанд оролцсон хүмүүсийн бусад эд хэрэглэл олсон. Бид энэ бүхнийг орон нутгийг судлах музейд өгсөн. Үзэсгэлэнд хүмүүс хайгуулын ажлын явц, ахмад дайчидтай уулзаж байгаа гэрэл зургийг сонирхох боломжтой.  2009 оноос хойш гурван экспидицийн явцад Эрхүү мужийн хайгуулын отрядынхан Халх голын тулааны үеийн 160 орчим янз бүрийн үнэ цэнэтэй зүйл илрүүлсэн юм. Эдгээрийг Эрхүүгийн хэд хэдэн музейд өгчээ. Орос, Монголын баатарлаг үйлс, Халх голын тулалдааны баатаруудын тухай өгүүлэх музейн үзмэр цаашид нэмэгдэнэ. Эрхүү мужийн хайгуулын отрядынхан дараа жил Халх голд дахин очино. Тэр үеийн дайнд сураггүй болсон бүх хүний цогцсыг тэд илрүүлэх бодолтой байна.