Орос улсад өнөөдөр хойд Кавказын Беслан хотод 2004 онд болсон эмгэнэлт үйл явдлын ойг тохиолдуулан терроризмтай тэмцэх эв нэгдлийн өдрийг тэмдэглэж байна. Зэвсэгт этгээдүүд зургаан жилийн тэртээ Беслан хотын нэгдүгээр сургуульд хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шугам жагсаалд оролцож байсан сурагч, эцэг эх нийт 1100 гаруй хүнийг барьцаалсан юм. Зэвсэгт этгээдүүд хүмүүсийг хоёр хоног барьцаалахдаа, зарим эрэгтэйг буудан хороожээ. Барьцааны хүмүүст идэж, уух юм өгөлгүй, эмнэлгийн тусламж ч үзүүлээгүй байна. 9-р сарын 3-нд олон хүн үрэгдсэн юм. Энэ өдөр сургуульд дэлбэрэлт болж, хүмүүс сандарч, зэвсэгт этгээдүүд барьцааны хүмүүсийн өөдөөс гал нээсэн тул хүчнийхэн хүмүүсийг аврах ажиллагаа эхлүүлсэн юм. Террористууд сургуульд халдах үеэр 334 хүн тухайлбал 186 хүүхэд амь үрэгдсэн байна. Оросын хотуудад энэ болон бусад алан хядах ажиллагаанд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээ болж байна.