"Өдгөө тогтсон энх тайвны төлөө, бурхан ямагт үүнийг ивээхийг хүсч, мөргөцгөөе". Холбоотны армийн  ерөнхий командлагч, АНУ-ын армийн генерал Дуглас Макартур 1945 оны 9-р сарын 2-ны өглөө ийм үг хэлсэн юм. Энэ өдөр Токиогийн тохойд америкийн "Миссури" жагсаалын онгоцонд Япон улс үг дуугүй бууж өгөх тухай баримтанд гарын үсэг зурах ёслол болсон юм. Ширээний нэг талд Австрали, Англи, Голланд, Канад, Хятад, Шинэ Зеланд, ЗХУ, АНУ, Франц зэрэг ялагч орны төлөөлөгчид жагссан байлаа. Нөгөө талд дүрэмт хувцасгүй бут ниргүүлсэн Японы армийн төлөөлөгчид байв. Ёслол 45 минут үргэлжилж, дэлхийн хоёрдугаар дайн дууссаныг тэмдэглэв. Зөвлөлтийн цэрэг японы байлдааны гол хүч хэдэн сая хүнтэй Квантуны армийг Манжурт бут ниргэсний дараа энэ эрин үеийн үйл явдал болсон юм. Гитлерчүүдийн эсрэг ширүүн тулааныг даван туулсан зөвлөлтийн цэрэг эрчимтэй давшиж, дайн сар хүрэхгүй үргэлжилжээ. Өрнөдөд "Наймдугаар сарын  шуурга" хэмээн нэрлэдэг дэлхийн хоёрдугаар дайныг эцэслэсэн энэ ажиллагааг өдгөө АНУ, Европын академид байлдааны урлагийн гайхамшигтай үлгэр хэмээн судалдаг байна. Хэд хэдэн үйл явдлаас үүдэн ЗХУ Японтай дайтсан юм. АНУ дэлхийн хоёрдугаар дайнд татагдан орох шалтгаан болсон 1941 оны 12-р сард япончууд Пёрл-Харбор америкийн баазад халдасны дараа Рузвельт зөвлөлтийн нутаг дэвсгэрийг ашиглан Японд агаараас довтлох тухай бодсон юм. Москвад болсон дипломат яриа хэлэлцээний таталгасан тэмдэглэл, америкийн ерөнхийлөгчийн Сталинтай харилцаж байсан хувийн захидал үүнийг гэрчилж байна. Өөрийн нутаг дэвсгэрт гитлерийн Германы түрэмгийллийн эсрэг тэмцэж байсан ЗХУ тэр үед Японтай дайтах аргагүй байсан гэж Москвагийн улсын олон улсын харилцааны дээд сургуулийн профессор, түүхийн ухааны доктор Михаил Мягков ярьж байна.  Гэсэн ч, 1943 оны Тегераны бага хурлын үеэр Сталин европын дайн дууссанаас хойш 2-3 сарын дараа ЗХУ холбоотны үүргээ биелүүлж, Японы эсрэг дайтана гэж Рузвельт, Черчиль нарт амаар баталсан юм. Үүнийг 1945 оны Ялтын бага хурлын үеэр нууц протоколд тусгажээ. Үүний дараа Японы эсрэг дайнд байлдааны хүчээ шууд бэлтгэж эхэлсэн юм. Тэр үеийн үйл явдлыг ярихын тулд ЗХУ 1941 онд гитлерийн Германтай дайтахын урьд Япон улстай 1946 оны 4-р сар хүртэл төвийг сахих тухай пактад гарын үсэг зурсаныг санах хэрэгтэй. Үүнд гарын үсэг зурснаас хойш хоёр сарын дараа японы командлал "Кантокуэн" код нэртэй зөвлөлтийн алс дорнодын нутаг дэвсгэрийг булаан эзлэх байлдааны ажиллагааны төлөвлөгөө боловсруулсан юм. Энэ төлөвлөгөөг 1944 он хүртэл засварлаж, нэмж байсан тухай Михаил Мягков тэмдэглэв. Тиймээс бид тэнд их хүч барьж байхад хүрсэн. Алс Дорнодод Германы эсрэг фронтод байснаас илүү их танк байлаа. Японы цэрэг байнга өдөөн хатгаж байлаа. Японы шумбагч хөлөг онгоцууд манай алс дорнодын боомтод тухайлбал АНУ холбоотон орнуудад илгээж байсан барааг хүргэж явсан хөлөг онгоцыг живүүлж байв. ЗХУ энэ тохиолдолд алс дорнодын хилд болж байгаа үйл явдалд оролцохгүй байх аргагүй. Эрт хожид хэзээ боловч үүнийг цэргийн арга замаар шийдвэрлэх ёстой болох нь ойлгомжтой байсан. Үүнээс гадна ЗХУ АНУ, Их Британийн өмнө хүлээсэн холбоотны үүргээ биелүүлэх ёстой байлаа. ЗХУ 1945 оны 4-р сард төвийг сахих тухай зөвлөлт-японы хэлэлцээрийг зарлаж, энэ тухай Японд урьдаас мэдэгдсэн юм. Тэр үед Япон улс англи-америкийнц цэрэгт хэд хэдэн удаа ялагдсан ч, японы арми байлдааны чадвартай байлаа. Америкчүүд Хирошима, Нагасаки хотод атомын бөмбөг хаясан ч, япончуудын дайтах зориг мохоогүй байв. Энэ хотод цэргийн чухал анги нэгтгэл байгаагүй. Японы байлдааны үндсэн хүч Квантуны арми тэр үед  Хятадад байсан юм. Зөвлөлтийн цэрэг 8-р сарын 9-нд дайрлаа. "Дайнд бидний эсрэг ЗХУ оролцож байгаа бол үргэлжлүүлэн эсэргүүцэх нь манай эзэнт улсын оршин тогтнох үндсийг аюулд хүргэж байгаа хэрэг" хэмээн японы эзэн хаан Хирохито 8-р сарын 17-нд мэдэгдсэн юм. Квантуны армийг бүрэн устгасан юм. "Японыг дарсан ялалтын төлөө" медалиар хүн төрлөхтний түүхэнд хамгийн их цус урсгасан, аймшигт дайныг дуусгахад баатарлаг гавьяа байгуулсан зөвлөлтийн нэг сая 800 мянга гаруй цэргийг шагнажээ. -