Орос улсад 9-р сарын 1-нд мэдлэгийн өдрийг тэмдэглэж байна. Засгийн газрын 1984 оны тогтоолоор тэмдэглэх болсон энэ баяр эртний уламжлалтай. Орос улсад намрын эхний өдөр хичээлийн жил эхэлдэг уламжлалтай. Энэ өдөр анги, танхим оюутан, сурагчдаар дүүрдэг. Цоо шинэ, үл мэдэх амьдрал эхэлж байгаа тул ялангуяа нэгдүгээр ангийн сурагч, нэгдүгээр дамжааны оюутнууд их догдолдог.  Өнөөдөр бүх сургуульд баяр болж байна. Цэцэг, цагаан тууз, ёслолын жагсаал, нээлттэй хичээлд эцэг эх, зочид суух боломжтой. Маргаашнаас их хүч гаргаж, тэвчээртэй суух шаардлагатай дорвитой ажил эхэлж байгааг сурагч, багш нар бүгд ойлгож байна. Орчин үеийн сургууль өргөн утгаар шинэ шаардлага хангах шаардлагатай байна гэж ОХУ-ын Улсын Думын боловсролын асуудал эрхэлсэн Хорооны орлогч дарга, "Мэдлэг" нийгэмлэгийн ерөнхийлөгч Олег Смолин ярьж байна.  Боловсролын чанарыг дээшлүүлэхэд нэг талаас дотоодын боловсролын шилдэг уламжлал, нөгөө талаас боловсролын шинэ технологи хоёр зүйл хослох учиртай гэдэгт би итгэлтэй байна гэж тэрээр ярив. Уламжлалын тухайд яривал оросын боловсрол суурь ямагт хүчтэй  байсан.  Бид хэзээ ч боловсролыг үйлдлийн мэдлэгт чиглүүлж байгаагүй. Хүүхдэд унтараалгын суурийн нүхэнд хуруугаа хийж болохгүй гэж зөвхөн ганцхан зүйлд сургаж, харин Омын хууль эсвэл физикийн бусад хуулийг тэр мэдэх албагүй гэж хэзээ ч бодож байгаагүй. Электрон технологийг хөгжүүлж, сургалтыг өнөөгийн шинжлэх ухаан, эдийн засаг, нийгмийн шаардлагад ойртуулбал оросын боловсрол өрсөлдөх чадвартай болно гэдэгт шинжээчид итгэлтэй байна. Орос улсад болсон "2010 оны сургуулийн захирал" уралдаанд ангийг компьютер техник, дүрс бичлэгийн тоног төхөөрөмжөөр тонглох сэдэвтэй эссэ зонхилж байсан нь тохиолдлын хэрэг биш ээ. Ингэснээр хичээл олон янз болж, сурагчид хэрэгтэй мэдээллээ өөрсдөө олох боломж бүрдэж, бие даасан, бүтээлч чадварыг нь хөгжүүлнэ. Ёс суртахууныг хөгжүүлэх нь боловсролын чанарыг дээшлүүлэх хоёр дахь бүрэлдэхүн хэсэг юм. Орос улсын ерөнхийлөгч 2009 оны 7-р сард хэд хэдэн бүс нутгийн дунд сургуульд шашны соёл, шашны түүх, дээд ёс зүйн үндэс зааж туршихыг санал болгосон юм. Сургуулийн хөтөлбөрт энэ хичээлийг оруулбал  манай улсад шүтдэг шашны уламжлалыг талаар сурагчид мэдэж авна гэж Сүмийн харилцаа, нийгмийн асуудал хариуцсан Синодалийн хэлтсийн орлогч дарга лам Георгий итгэлтэй байна. Шинжлэх ухааны мэдлэг ахиж, мөн өсч өндийж байгаа үе янз бүрийн салбарыг сонирхож байгаа тул энэ уламжлал өнөөгийн сургуульд хэр тохирч байна вэ? гэсэн асуулт урган гарч байна. Шашин, соёлын уламжлалын тухай ойлголт нь залуус мэдлэгээс гадна анд нөхөд, эцэг эхтэйгээ харилцах, тэдний амьдралд эерэгээр нөлөөлөхөд  ёс суртахууны суурь, шашны боловсролын тулгуур болно.  "Хүн ертөнцийн бүх нууцыг мэдэж болох ч, хэрэв хайрлаж сурахгүй бол зэрлэг хэвээр үлдэнэ" гэж зөвлөлтийн нэрд гарсан сурган хүмүүжүүлэгч Василий Сухомлинский бичсэн юм. Тиймээс боловсролоор хүний ухааныг тэлэхээс гадна  ёс суртахууныг хөгжүүлж, зүрх сэтгэл, ухааныг тэтгэх ёстой.