Дэлхийн хоёрдугаар дайн 65 жилийн тэртээ Номхон далайд дууссан юм. Дэлхийн бөмбөрцөгийн зүүн хэсгийг тэр аяар боолчлохыг оролдсон милитарист Япон улс үг дуугүй бууж өгсөн. Японы цэргийн машиныг бут ниргэхэд ЗХУ, Хятад, АНУ, шийдвэрлэх хувь нэмэр оруулсан юм. Энэ ялалт олон улсын хэмжээнд хамтран ажиллах боломж нээсэн мэт. Харин үйл явдал тэс өөрөөр өрнөсөн. Дорно зүгт, Европт, ЗХУ болон АНУ-ын хооронд үзэл суртал, геополитикийн ширүүн тэмцэл өрнөсөн юм. Энэ зөрчлийн улс төрийн үр дүнгийн талаар оросын нэрд гарсан улс төр судлаач, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат академийн дэд захирал Евгений Бажанов ярьж байна. Коммунизмыг үзэн ядсан АНУ Хятадын иргэний дайнд Гоминьданыг дэмжиж байсан юм. Чан Кайши болон түүний армийн үлдсэн хүмүүс Тайваньд зугтахад америкчүүд төлөөний хүмүүсээ хайцаалж, шинэ Хятадын эсрэг дайсагнасан байр суурь баримталж байв. Эцсийн дүнд 1950 онд Солонгосын хойгт АНУ болон түүний холбоотнуудтай цус урсгасан мөргөлдөөнд татагдан орсон ЗХУ болон БНХАУ гэсэн коммунист хоёр том  гүрний холбоо үүссэн юм. Үүний зэрэгцээ Зүүн өмнөд Азийн орнуудад иргэний дайн дэгдсэн байна. 1960-аад оны хоёрдугаар хагаст хоёр ертөнцийн зөрчил Вьетнамд оргилдоо хүрчээ. Америкийн олон холбоотон, америкийн ард түмэн Вашингтонд Энэтхэгхятадын хойгт цөмрөн орохыг эсэргүүцэж байсан гэж профессор Бажанов үргэлжлүүлэн ярив. Коммунист эвсэл бүрмөсөн бутарсан. ЗХУ болон БНХАУ аажмаар өөр хоорондоо дайсагнах болсон. Ази-Номхон далайн асар уудам бүс нутаг эргээд хорсол занал, цус урсгасан буцалж буй тогоо болон хувирсан. Мухардалд орсон америкчүүд 1975 онд Энэтхэгхятадын хойгоос явсан ч, дорно зүгт их гүрнүүдийн зөрчил зогсоогүй. Вашингтон, Бээжин довтлогч тал хэмээн үзэж байсан Москваг "тогтоон барихын" тулд ойртож эхлэв. Эхлээд Хятадад дараа нь ЗХУ-д дотоодод суурь өөрчлөлт болсны дараа Дорно зүгт хурцадмал байдал намжсан байна. Хүйтэн дайн ард хоцорчээ. Үүний зэрэгцээ Хятад улс эрчимтэй хөгжиж байгаад хөрш орнууд түгшиж байна гэж манай шинжээч тэмдэглэв. Ялангуяа Номхон далайд эзэгнэж дассан АНУ унтууцаж, Хятад улсыг өрсөлдөгч гэж үзэж байгаа тул цаашид тус бүс нутагт Хятадын байр суурь бэхжихэд саад хийхийг оролдож байна. Хятад-америкийн харилцаанд тайванийн асуудал тэсрэх аюултай асуудал юм. БНХАУ-АНУ-Япон "гурвалжингийн" хавиралт ихсэж байна. Дайны дараах бүх үед Вашингтоны бага түншийн үүрэг гүйцэтгэсэн Токио өдгөө америкчүүдийн дэмжлэгээр цэргийн бэлтгэлээ өргөжүүлж байна. Солонгосын хойгийн байдал хурцадмал, зүүн-хойд болон зүүн-өмнөд Азид нутаг дэвсгэрийн янз бүрийн маргааныг зохицуулаагүй байна. Японы түрэмгийллийн жилүүдэд учруулсан хохирлыг Токио нөхөн төлөх хүсэлгүй байгаад азийн зарим орон сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн юм.  Орос улс азаар Ази-Номхон далайн бүс нутгийн улс төрийн маргааны оролцогч биш. Гэхдээ тэнд тогтвортой байдал, хөгжил цэцэглэл, энх тайван тогтоохыг Орос улс сонирхож байна. Дэлхийн хоёрдугаар дайн дуссаны 65 жилийн ойгоор ирээдүйд ийм хямрал давтагдахаас сэргийлж, сургамж авах бас нэг шалтгаан хэмээн түүхийн ухааны доктор, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Дипломат Академийн дэд захирал Евгений Бажанов ярьж байна.