Сүүлийн үед АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамыг 2011 оны 7-р сард Афганистанаас цэргээ гаргах төлөвлөгөөгөө хойшлуулахыг их уриалж байна. Энэ төлөвлөгөө хэт даврагчдыг зоригжуулж, тэдний байлдааны зоригийг өргөнө гэж Кабул дахь тэнгисийн явган цэргийн дарга, генерал Жеймс Конвэй хэлсэн юм. Генералын хэлснийг Кабулын албан ёсны төлөөлөгч, ерөнхийлөгч Хамид Карзай дэмжсэн байна. Конвэй зарим талаар зөв ярьж байна. Барак Обама цагаан ордонд ирсэн үеэс АНУ тэнд цэргийн тоогоо нэлээд нэмсэн ч, Барак Обама Афганистанаас цэрэг гаргах хугацааг анх тогтоосны дараа буюу өнгөрсөн оны 12-р сараас хойш Талибан хөдөлгөөний зэвсэгт этгээдүүдийн эсэргүүцэл эрс хурцадсан байна. Командлал Талибан хөдөлгөөний гол түшиц Кандагарт чухал ажиллагаа явуулахаа хэд хэдэн удаа хойшлуулжээ. Энэ ажиллагааг явуулахгүй байж ч магадгүй. Гэхдээ кандагрын баазыг эзлэхгүй бол дайнд ялахгүй. Дайн сунжирч байгааг Конвэй шууд хэлсэн. Үндэсний арми хяналтандаа авахгүй бол нутгийн өмнөд хэсгийн мужид хэдэн жил эмх журам тогтохгүй. Тиймээс цэргээ гаргахаар яарах хэрэггүй юм. Энэ үеэр Афганистан дахь АНУ-ын хүчний командлагч Дэвид Петреус талибан хөдөлгөөнтэй энхийн яриа хэлэлцээ хийхэд АНУ Кабулд тусалж байгаа гэх гэнэтийн мэдэгдэл хийв. Цэргийн мөргөлдөөн энхийн хэлэлцээрээр өндөрлөх учиртай. Иракт бид энэ зорилгоор америкчүүдийн цусыг урсгасан хүмүүстэй ч ширээний ард сууна гэж генерал тэмдэглэв. Америкчүүд яриа хэлэлцээнд оролцоогүй, үүнийг дэмжиж байгаа гэж Дэвид Петреус хэллээ. Энэ үг Цагаан ордны байр суурь өөрчлөгдөж байгааг гэрчилж байна. Барак Обамын стратегийн дагуу талибан хөдөлгөөнийхөн тулаанд цуцаж, яриа хэлэлцээний мөч ирэхийг хүлээх шаардлагагүй боллоо. Америкчүүд дайнаас залхаж, энхийн яриа хэлэлцээ байгуулахыг хичээж байна гэж Оросын шинжлэх ухаан академийн Дорно дахины хүрээлэнгийн дарга Виктор Коргун ярьж байна. АНУ-ын олон нийт, тэр ч байтугай тэргүүлэх улс төрчид Барак Обамад шахалт үзүүлж байна. Афганистанаас цэргээ гаргахыг  Америк хамгийн их сонирхож байна. Иракаас цэргээ гаргасан тул энэ зорилтод хүрэх боломжтой.  Тэгвэл дайн сунжирч байгаа талаар ярьж, Барак Обамаг цэргээ гаргах төлөвлөгөөгөө өөрчлөхийг шаардах хэрэг байна уу? Энэ мэт мэдэгдэл нь АНУ-ын конгресст 11-р сард болон завсрын сонгуультай холбоотой гэж ажиглагчид үзэж байна. Кабул дахь тэнгисийн цэргийн командлагч Афганистаны байдлыг хар өнгөөр дүрсэлж, олон нийтэд цэргийнхэн нүсэр ажилтай, олон хүн үрэгдэж байгаа гэх ойлголт өглөө. Тэртээ тэргүй сонгогчид дайнд амь үрэгдсэн цэргийн тоо нэмэгдсэнээс ардчилсан нам, ерөнхийлөгчийн стратегид улам дургүйцэж байгаа энэ үед тэднийг сүрхий шүүмжлэх хэрэггүй. АНУ дайн эхлүүлснээс хойш 9 жилийн хугацаад өнгөрсөн долдугаар сард хамгийн олон цэрэг буюу 66 хүнээ алджээ. Далайн чанадаас шинэ давалгааг мэдэрсэн Карзай түгшиж байна. Ард түмний дунд нэр хүнд нь тааруухан ерөнхийлөгч америкчүүд байгаа үед өөртөө итгэлтэй байдаг байна. Эвслийн хүчний цэрэг гарвал түүнд сүйрэл болно. Барак Обама 2011 оны долдугаар сарын тухай огт дурсахаа больсон нь сонирхолтой. Ерөнхийлөгч хугацаа, үйлдлийн хүрээг эвдэх бодолтой байна гэж АНУ-ын Брукингийн шинжээч үзэж байна. Тэр уян хатан байх хэрэгтэй. Конгрессын сонгуулийн дараа афганистаны стратегийн тухайд толгойгоо гашилгах хэрэг гарна. Мөн Афганистанаас тэгэсхийгээд эвтэйхэн гарах тухайд ч бодоно.