Ерөнхийлөгч Д.Медведев Химкийн ой мод огтлохыг зогсоолоо. Москва орчмын ойг сүйтгэлгүй Москва-Санктпетербург чиглэлийн зам тавих өөр хувилбарыг хянаж үзэхээр шийджээ.  Хүрээлэн буй орчныг хамгаалагчид эсэргүүцсэний дүнд ерөнхийлөгч ийнхүү шийдсэн байна. Орос улсын хоёр том төв Москва, Санкт-Петербургийг шинэ, орчин үеийн, дээд зэргийн хурдтай авто машины замаар холбох хэрэгтэй гэх баримтыг экологчид эсэргүүцэхгүй байна. Хамгийн гол нь нийслэлийн экологид нэн үнэ цэнэтэй ногоон бүсийг хөндөлгүй тойруулан зам тавихыг олон нийтийн хөдөлгөөнийхөн шаардаж байна. Улс орны улс төрийн тэргүүлэх хүчин ерөнхийлөгчид хандаснаар Химкийн ойн хувь заяа нааштай эргэж байна. "Нэгдсэн Орос улс" нам Химкийн ойг хамгаалахыг ерөнхийлөгчид уриалж, ой мод огтлохоо зогсоож, зам тавих өөр хувилбарыг дахин хянахыг уриаллаа. Ерөнхийлөгч Д.Медведев энэ талаарх шийдвэрээ дүрс бичлэгийн блогт тавьжээ.  Сүүлийн үед Химкийн ойн хувь заяатай холбоотой олон санал ирж байна. Авто машины зам барих сэдвээр засгийн газар тусдаа шийдвэр гаргаж, манай шүүх системд энэ асуудлыг хянаж, тусгай шийдвэр гаргасан ч, хүмүүс тухайлбал "Нэгдсэн Орос улс намаас" өгсүүлээд сөрөг хүчний нам зэрэг янз бүрийн нам, олон нийтийн нэгдлийн төлөөлөгчид, шинжээчдийн янз бүрийн хүрээнийхэн энэ талаарх шийдвэрийг эргэн хянах хэрэгтэй гэж ярьж байна. Ийм их хэмжээний санал ирсэн тул автомашины холбогдох зам барих тухай тогтоолыг хэрэгжүүлэхээ зогсоохыг засгийн газарт би үүрэг болгосон.  Химкийн ойг аврах тэмцэл экологийн төдийгүй нийгмийн ач холбогдолтой хэмээн "Оросын Гринпис" хөтөлбөрийн захирал Иван Блоков ярьж байна.  Химкийн ойн асуудал байр сууриа илэрхийлэхийг хүссэн хүмүүс олон нийтийн өмнө үг хэлэх эхлэлийн цэг болсон. Энэ иргэний нийгмийн илрэл бөгөөд ингэж ажиллах ёстой. Химкийн ойг аварсан нь Оросын залуу иргэний нийгмийн экологийн асуудлаарх анхны ялалт биш юм. Сочи хотод олимпийн объектыг барьж байгуулахад экологичид болон олон нийтийн хөдөлгөөнийхний хүсэлтээр олон зүйлийг өөрчлөх хэрэгтэй болсон. Тухайлбал Байгал нуурын орчимд нефть хоолой тавихад байгаль хамгаалагчдын саналын дагуу үүнийг нуураас 400 км зайд шилжүүлсэн. "Хойд урсгал" төслийг хэрэгжүүлэхэд энэ мэт зөрчил гарахаас сэргийлж, мэргэжилтнүүд төслийг бэлтгэх шатанд экологичтай бүх асуудлыг дэлгэрэнгүй хэлэлцсэн байна. Экологи, эдийн засгийг уялдуулахад тэр бүр хялбар байдаггүй.  Хэрэв төр засаг арилжааны ашиг сонирхолыг хөндсөн ч, олон нийтийн санаа бодлыг сонсовол дурын төсөл, засгийн газрын сайшаасан төслийг хүртэл өөрчлөн, засах боломжтой.